Он гарсаар 66 удаагийн ахуйн гал түймэр гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-11-20 17:29:46

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн хэмжээнд 2019 оны 11 сарын байдлаар 66 удаагийн ахуйн гал түймэр гарсаны 13 дуудлага буюу 19.6 % нь  сумдын гэр хорооллын айл өрхүүдэд илэрдэг нийтлэг зөрчил эзэлж байна хэмээн тус аймгийн Онцгой байдлын газраас танилцууллаа.


Гамшгаас хамгаалах тухай, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын дүрэм, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн хэрэгжилтийг хангуулж, гамшгийн эрсдэлийг бууруулах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын ажлын хэсэг хойд бүсийн сумдад ажиллаж байна. Тодруулбал, 11 дүгээр сарын 18-24-ний өдрүүдэд тус аймаг дахь Гал түймэр унтраах, аврах 59 дүгээр ангийн салааны захирагч ахмад Б.Амгаланзаяагаар ахлуулсан ажлын хэсэг хойд бүс болох Дарив, Хөхморьт, Баян-Уул, Жаргалан, Тайшир суманд  ажиллаж байна.

Тэд Дарив сумын 230 өрхөд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт, шалгалт хийж, 390 иргэнд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж өгч, давхардсан тоогоор 410 зөрчил илэрсний 120 зөрчлийг газар дээр нь арилгуулж, үлдсэн зөрчлийг нэг сарын хугацаанд арилгуулахаар сумын ЗДТГ газар болон ард иргэдэд үүрэг өгчээ.

Говь-Алтай аймгийн хэмжээнд Гал түймэр унтраах, аврах анги аймгийн төв буюу Есөнбулаг суманд ганцхан байдаг учраас гал түймрийн нөхцөл байдал үүссэн үед мэргэжлийн байгууллага ирж ажиллахад цаг хугацааны хувьд боломжгүй тул аж ахуйн нэгж байгууллага, иргэд хамгийн түрүүнд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх  нь хамгийн чухал байдаг хэмээн тус газраас мэдээлэв.


Холбоотой мэдээ