"Монголын Үндэсний фронт"-оос УИХ-ыг тараахыг шаардав

Монголын мэдээ | Нийгэм
munkhbaatar@montsame.gov.mn
2019-11-08 17:09:15
Munkhbaatar Sambuu

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Монголын үндэсний фронт" хөдөлгөөнөөс УИХ-ын даргаас УИХ-ыг тараахыг шаардаж Д.Сүхбаатарын талбайд өнөөдөр "Эх орон дуудаж байна" жагсаал өрнүүлж байна. 


Тус хөдөлгөөний тэргүүн Б.Баярмагнай жагсаалыг эхлүүлж үг хэлэв. Тэрбээр, "Д.Сүхбаатарын талбайд зургаан жил Монгол Улсын төрийн далбаанд хүндэтгэл илэрхийлэх ёслолын жагсаалыг удирдаж байлаа. Тэгвэл өнөөдөр Үндэсний фронтыг удирдан Монгол Улсын иргэнийхээ хувиар үзэл бодлоо илэрхийлж байна. 1990 он Монгол Улсын хувьд түүхэн цаг үе байсан юм. Ардчилсан үндсэн хуулиа баталж чөлөөт сонгуулийн системд шилжсэнээс хойш төрд олон дайсан нүүрлэсэн байна. Монгол Улсын үндсэн хуульд “Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийг удирдах үйл хэрэгт шууд оролцох эрхтэй” хэмээн заасан байдаг. Бид энэхүү эрхээ эдэлж, тэдэнтэй тэмцэх цаг болжээ" хэмээв. 



"Монголын үндэсний фронт"-ын тэргүүн Б.Баярмагнайгийн хэлснээр, энэхүү жагсаалд 100 орчим ТББ нэгдсэн байна. Жагсаалын үеэр, УИХ-ын Тамгын газрын удирдлагууд тус хөдөлгөөний төлөөлөгчдийг  хүлээн авч уулзан шаардлагыг бичгээр хүлээн авсан. Уулзалтын төгсгөлд, УИХ-ын даргын зөвлөх Ж.Сүхбаатар тэдний шаардлагын хариуг холбогдох хууль журмын дагуу хүргүүлэхээ мэдэгдсэн юм. 

Холбоотой мэдээ