“Хүүхдийн эрүүл мэндийн төв” ашиглалтад оров
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймагт анх удаа “Хүүхдийн эрүүл мэндийн төв” байгуулагдаж ашиглалтад оров. Уг төвийг “Койка” ОУБ-ын 90 гаруй сая төгрөгийн санхүүжилт болон аймгийн ЗДТГ, БСГ, “Оюуны-Ирээдүй” цогцолбор сургууль зэрэг байгууллагуудын хандив, орон нутгаас 26 сая, нийт 116 орчим сая төгрөгийн санхүүжилт дэмжлэгээр тус төв хүүхдүүдээ хүлээж авахад бэлэн болсон нь энэ юм.
Тус төвийг санаачилж төслийг гардаж хэрэгжүүлсэн “Койка” ОУБ-ын сайн дурын гишүүн, багш Сон Ён Раныг аймгийн Засаг дарга А.Энхболд хүлээн авч уулзаж хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Койка ОУБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Пак Сү Ён хүрэлцэн ирж аймгийн Засаг даргатай ажил хэргийн уулзалт хийв. Аймгийн Засаг дарга А.Энхболд “Койка” ОУБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Пак Сү Ёнд “Смарт сургууль” төслийн хүрээнд хамтарч ажиллах саналыг тавьсан юм. Тэрбээр судлан үзэж боломж байвал уг төсөлд хамтарч ажиллах болно гэдгээ суурин төлөөлөгч илэрхийллээ. “Койка” ОУБ нь хоёр жилийн өмнөөс хийх ажлуудаа төлөвлөдөг учраас аймгийн ЗДТГ-тай цаашид хамтарч хэрэгжүүлэх ажлуудыг судлах юм байна.
“Койка” байгууллага нь тус аймагт 20 жил ажиллахдаа гурван томоохон төсөл, сайн дурын гишүүдийн 11 төслийг хэрэгжүүлжээ. Энэ өдөр Аймгийн Засаг дарга А.Энхболд “Койка” ОУБ-ын сайн дурын гишүүн, багш “Хүүхдийн эрүүл мэндийн төв”-ийг санаачлагч Сон Ён Раныг гэр бүлийн хүний нь хамт “Найрамдлын Дархан” тэмдгээр шагнасан нь тус тэмдгээр гэр бүлээрээ энгэрээ мялаасан анхны тохиолдол боллоо. Сон Ён Ран багшийн гэр бүлийн хүн болох Ким Жин Ил нь Дархан дахь ШУТИС-д багшилдаг төдийгүй хүмүүнлэгийн олон үйлст хамтарч ажилладаг байна.
Б.Норовсамбуу