Б.Амарсайхан: Нийт хорт хавдрын 70-80 хувь нь хожуу буюу гурав, дөрөвдүгээр үе дээр оношлогдож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-11-05 21:59:30

Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улсад жил бүр тохиолдож буй хорт хавдрын өвчлөлийн 61,4 хувь нь хөдөө орон нутагт, 38,5 хувь нь Улаанбаатар хотод бүртгэлтэй байна. Иргэдэд хорт хавдрын эрт илрүүлэг, нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээний талаарх мэдлэг мэдээллийг хүргэхээр Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хавдрын тасгийн их эмч Б.Амарсайхантай ярилцлаа.


 -Хэнтий аймгийн хэмжээнд хорт хавдрын өвчлөл хэр их байна вэ?

-2019 оны 3-р улирлын байдлаар шинээр 199 хүн оношлогдоод байгаа бөгөөд одоогоор 572 хүн хяналтад байна. Элэг, умайн хүзүү, уушиг, ходоод, хөхний хорт хавдрууд зонхилж байна. Сүүлийн үед бүдүүн шулуун гэдэсний хорт хавдар илрэх болоод байна. Эдгээрээс элэгний өвчлөл хамгийн өндөр бөгөөд 35-50 насны хүмүүс хоёр, гуравдугаар шатандаа, 50-аас дээш насны хүмүүс гурав, дөрөвдүгээр шатандаа орсон байдаг. Үүнээс харахад эрт илрүүлгийн шинжилгээндээ хамрагдах байдал хангалтгүй байгаа юм. Оношлогдоод эмчлэгдэх боломжтойд тооцогддог нь умайн хүзүүний хорт хавдар байдаг.

-Шинжилгээг хэрхэн өгөх вэ?

-Цуллаг эрхтэнг эхо-гоор харна. Элэгний хорт хавдрын нэгдүгээр үеийг биохими болон эхо-гоор маш сайн оношилно. Хамгийн гол нь В, С вирустэй, элэгний хатууралтай тохиолдолд хавдар үүсэх магадлал 80 хувь байдаг. Харин ходоод, шулуун гэдсийг дурангийн шинжилгээнд хамруулдаг. Оношлогдоод ирж байгаа өвчлөлүүдийн ихэнх нь хожуу буюу 3, 4 дүгээр үедээ орсон байдаг. Бид дараагийн шатлалын эмнэлэг рүү шилжүүлсний дараа эргээд аймгийнхаа эмнэлэгт нарийн мэргэжлийн эмчийн хяналтад орох ёстойгоо иргэд сайн мэдэхгүй байна.


“Нэг иргэн зургаан сарын өмнө элэгний өөрчлөлтгүй гэж оношлогдож байсан бол Herbalife хэрэглээд дөрөвдүгээр шатандаа ортлоо муудсан байсан”


-Ихэвчлэн аль сумдаас иргэд илүүтэй хандаж ирдэг вэ?

-Газар нутгийн байршлын онцлог их нөлөөлдөг юм шиг санагдсан. Мод, уул, устай сумд буюу хойд сумдаас харьцангуй бага. Харин урд чиглэлийн Бор-Өндөр, Галшар сумаас иргэд голчлон ирдэг. Энэ нь эко орчин, уур амьсгал, идэж ууж байгаа хоол хүнснээс хамаарч байгаа юм л даа.

-Хэрвээ анхны шинжилгээгээр ямар нэгэн хорт хавдар илрээгүй бол яах вэ?

-Энэ тохиолдолд иргэд маань зургаан сар тутамд тогтмол шинжилгээнд хамрагдаж байх ёстой. Дээрээс нь нэмж хэлэхэд биологийн нэмэлт бүтээгдэхүүн буюу сүлжээний эм бэлдмэл хэрэглэхгүй байхыг зөвлөмөөр байна. Манайд ийм хоёр тохиолдол бүртгэгдсэн нь хэрбалайф, форэверийн бүтээгдэхүүн хэрэглэсэн байсан. Нэг иргэн нь зургаан сарын өмнө элэгний өөрчлөлтгүй гэж оношлогдож байсан бол хэрбалайф хэрэглээд дөрөвдүгээр шатандаа ортлоо муудсан байсан. Тэгэхээр нарийн мэргэжлийн эмчийн заавар зөвлөгөөгүйгээр бусдын ам дамжсан ярианд итгэж өөрийгөө ч тэр гэр бүлээ ч тэр эрсдэлд оруулахгүй байхыг зөвлөе.

Холбоотой мэдээ