Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Монголын мэдээ | Байгаль орчин
bolor@montsame.mn
2019-10-30 16:17:21

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун өдөртөө дулаахан байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газар мэдээлэв.

2019 оны 11 дүгээр сарын 1-5-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.

11 дүгээр сарын 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 3-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 4-нд төв болон зүүн аймгуудын нутгаар түр зуур секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, говийн бүс нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. 3-4-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.

Холбоотой мэдээ