ОХУ-д суралцах залуусын сургалтын төлбөр, тэтгэлгийг “Эрдэнэт үйлдвэр”–ээс олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-10-21 17:25:04
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын инженер, техникийн 22 ажилтан ОХУ-ын их, дээд сургуулиудад суралцана. Сүүлийн жилүүдэд тус үйлдвэрийн ажилтнууд гадаадад суралцаж мэргэжил дээшлүүлэх бодлого орхигдоод байсан бол үүнийг Ерөнхий захирал Х.Бадамсүрэн сэргээж сургалтын төлбөр болон сурч буй хугацааны тэтгэлэгийг олгохоор болсноо мэдэгдлээ. 

Энэ удаагийн тэтгэлэгт  бүхий л цехээс шалгарсан шилдэг 22 ажилтан хамрагдаж байгаа бөгөөд Цахилгааны цехээс л гэхэд дөрөв залуу явахаар болжээ. Тус цех 131 ажилтантай. Тэдний 95 хувь нь дээд боловсролтой гэнэ.  Цахилгаан цех нэг жилд сургалтын зардалдаа 40 сая төгрөг төлөвлөдөг ч хүрэлцдэггүй байна. Харин энэ жилээс үйлдвэрийн удирдлага, Захиргаа хүний нөөцийн бодлогын газраас дэмжиж ажиллахаар болсонд талархаж байна гэж тус цехийн дарга хэллээ.

Уулзалтын төгсгөлд Ерөнхий захирал Х.Бадамсүрэн хэлэхдээ, “40 жилийн түүхтэй уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт 60 жилийн ирээдүй байна гэж тодорхойлж болох юм. Бид дараагийн 15 жилд үйлдвэрээ хөгжүүлэх төлөвлөгөө зорилтоо тодорхойлон хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд стратегийн 6 том төсөл хэрэгжүүлэхээр зорьж байна. Манай залуучууд суралцах зорилгоо сайн ухамсарлаж байна. Олон ажилтан дундаас шалгаран, мэргэжил эзэмших, эзэмшсэн мэргэжлээ дээшлүүлэх энэ боломжийг та нар маань өөрсдөө олж авч байна гэж хэлбэл амьдралд илүү нийцнэ. Үйлдвэрийн удирдлагын зүгээс үнэхээр сайн ажиллаж, илүү сэтгэж байгаа, үр дүнд хүрэхийн төлөө хичээж буй ажилтнуудаа дэмжинэ. Ингэж тал талаасаа санаа оноо нийлбэл, сайхан шийдэлд хүрч болдог” хэмээлээ.



 

Холбоотой мэдээ