Завханд үйлдвэрлэж буй шахмал түлш хэрэглэгч ихтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-10-11 23:23:02

Завхан /МОНЦАМЭ/. Завханд "Гүүдшэйринг" ХХК дөрөв дахь жилдээ шахмал түлш үйлдвэрлэж байна. Уг шахмал түлш нь дахин боловсруулсан, хямд өртөгтэй гэдгээрээ онцлог бөгөөд жил бүр байнгын хэрэглэгчиддээ зориулан урамшуулал үзүүлдэг байна.

Эдний үйлдвэрлэдэг шахмал түлш нь бүрэн шаталттай, үнс бага ялгаруулдаг давуу талтайгаас гадна хөнгөн, илч сайтай ажээ. Мөн олон удаагийн туршилтын дүнгээр нүүрснээс хоёр цагаар илүү илчтэй, удаан асдаг болох нь тогтоогдсон байна. Өнөөдрийн байдлаар өдөртөө таван тонн түлш үйлдвэрлэж Завханы төв Улиастай сумын 16 дэлгүүрт гэрээгээр борлуулдаг. Нэг шуудайндаа 23 кг түлшийг 6000 төгрөгөөр зах зээлд борлуулж буй юм. Энэхүү шахмал түлш нь хэрэглэгчдийн хэрэгцээг хангаж, өөрийн гэсэн худалдан авагчтай болжээ.

Ташрамд, "Гүүдшэйринг" ХХК нь өрхийн орлого нэмэгдүүлэх хөтөлбөрийн хүрээнд Завхан аймгийн ЗДТГ-тай 2014 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулж шахмал түлшийг орон нутагт нь үйлдвэрлэж зах зээлд хямд борлуулж байжээ.

Жил бүр түлшний үнэ өссөөр байгаа

Завханы төв Улиастай сум таван мянга гаруй айл өрхтэй. Түлшний мод, нүүрс хэрэглэхгүй ААН байгууллага гэж нэг ч үгүй. Тийм ч учраас түлшний хувьд томоохон  асуудал байсаар  байсан. 

Харин энэ асуудлаа бүрэн шийднэ хэмээн хөнгөлөлттэй үнээр түлш зардаг түлшний захыг одоогоос долоон жилийн өмнө албан ёсоор нээсэн. Гэтэл энд нь ямар ч түлш зардаггүй хоосон хашаа л байсаар байна. Харин хувиараа машин дээрээ түлшний мод, түүхий нүүрс зарсан ченжүүд зам дагуу зогссоор дуртай үнээ хэлэн борлуулдаг байна. Энд хяналт ч байхгүй. Зах зээлийн жамаар л иргэд түлшний үнийг хэлснээр нь л худалдаж авдаг байна. Түлшний ченжүүд өвлийн дунд сар, түлш ховордсон үеэр далимдуулан намар зарж байсан үнээс даруй 50-100 мянган төгрөгөөр түлшний үнээ нэмж борлуулдаг гэдгийг иргэд бухимдангуй ярьж байна. Өнөөдрийн байдлаар аймгийн төв Улиастайд ЗИЛ-130 машин мод 1100000-1200000 төгрөг, Портер машин мод 350-400 мянган төгрөгөөр худалдаалж байна. Ийнхүү жил бүр түлээний модны үнэ нэмэгдсээр байгаа нь иргэдэд багагүй дарамт болж байна. Өвөлдөө дулаан, зутрахгүй шиг өвөлжих санаатай түлээний мод, шахмал түлшийг хольж хэрэглэж байгаа өрхүүд олон бий аж. Харин нүүрсийг жижиглэнгээр борлуулдаггүй, шуудайгаар нь зардаг аж.  Одоогоор нүүрс худалдаж эхлээгүй байна.

Өнгөрсөн жил түлшний модны хөнгөлөлтийг

540 гаруй ахмад хүртжээ

Жил бүрийн өвөл түлшний асуудал иргэдэд хүнд дарамт болдог бол ахмад настнуудад Хөдөлмөр Халамж Үйлчилгээний газраас түлшний модны хөнгөлөлт үзүүлдэг ажээ.

Жил бүрийн 11-р сард аймгийн Хөдөлмөр Халамж Үйлчилгээний газраас харж хандах хүнгүй, үр хүүхэдтэй хэдий ч үр хүүхэд нь асрах боломжгүй ганцаараа амьдардаг ахмад настнуудад түлшний модны хөнгөлөлт үзүүлдэг байна. Тухайлбал нэг ахмад настанд 140 мянган төгрөгийн дэмжлэгийг үзүүлдэг байна. Энэ жилийн тухайд ахмадуудаас өргөдөл, хүсэлтийг нь хүлээн авч байгаа. Сум бүрийн амьжиргааг дэмжих зөвлөл өргөдлүүдийг хүлээн авч хурлын тогтоол шийдвэрийг нэрстэйгээ хамт аймгийн Хөдөлмөр Халамж Үйлчилгээний газарт нэгдсэн байдлаар ирүүлнэ. Үүний дараа манай газраас ахмадуудад түлшний модны хөнгөлөлтийг олгож эхэлдэг. Өнгөрсөн жил гэхэд аймгийн хэмжээнд 540 гаруй зорилтот ахмадуудад хөнгөлөлт үзүүлсэн байна. Хэдийгээр 140 мянган төгрөг зах зээлд борлуулж байгаа түлшний модны үнэд хүрэхгүй ч багахан дэмжлэг л болдог юм хэмээн аймгийн Хөдөлмөр Халамж Үйлчилгээний газраас мэдээлэв. 

Холбоотой мэдээ