Гавьяат багш нар залуу багшийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-10-02 17:50:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат багш нар залуу багш нарыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан сургуулийн өмнөх боловсролын салбараас төрөн гарсан гавьяат багш нартай уулзлаа. Тэрбээр гавьяат багш нарт сургуулийн өмнөх боловсролын талаар төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг танилцуулан, цэцэрлэгийн багшийн хөдөлмөрийн үнэлэмж, цалин хөлсийг нэмэгдүүлсэн, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 2019 онд 93 цэцэрлэг барьж ашиглалтад оруулсан, сургалтын хөтөлбөрийг сайжруулан хэрэгжүүлж эхэлсэн тухай мэдээлэл өгөв.

Тэрбээр хэлэхдээ, “Залуу багш ажилтнуудын ур чадварыг нэмэгдүүлэх, ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, хүүхдэд хайртай багш байхад Та бүхний үнэтэй зөвлөгөө, туршлага чухал юм. Та бүхэнтэй хамтран олон ажлыг хийж хэрэгжүүлнэ” хэмээв.

Монгол Улсад сургуулийн өмнөх боловсролын байгууллага үүсэж хөгжсөн 90 гаруй жилийн хугацаанд хүүхдийн цэцэрлэгээс ажил амьдралын гараагаа эхэлж боловсролын хөгжилд хувь нэмрээ оруулсан 13 гавьяат багш төрсөн байна. Монгол Улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын 1480 байгууллагад 16.8 мянган багш, арга зүйч, эрхлэгч ажиллаж байна. Жил бүр хүүхдийн цэцэрлэгийн тоо нэмэгдэж, түүнд ажиллах багш ажилтны тоо нэмэгдэж байгаа юм.

Гавьяат багш нар цэцэрлэгийн багш бэлтгэх ажлын чанарыг сайжруулах, хүүхдийн хамрагдалтыг нэмэгдүүлэхэд анхаарахаас гадна чанарыг орхигдуулахгүй байх, нэг бүлэгт байх хүүхдийн тоог багасгах, орон сууцны хороолол барьж байгуулахдаа сургууль цэцэрлэгийг хамт барьж ашиглалтад оруулдаг байх зэрэг багшийн чанар, цэцэрлэгийн хүрэлцээ хангамж, аюулгүй байдал зэрэг олон үнэтэй саналыг хөндөж ярилцсан юм.


Холбоотой мэдээ