Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 100 гаруй байгууллага нээлттэй өнжив

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-09-27 16:38:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын үйл ажиллагааг сурталчлан таниулах нээлттэй өдөрлөгийн албан ёсны нээлт Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, УГЗ Б.Шаравын хөгжим "Сэрсэн тал" аялгуугаар эхэллээ.

Аялгууг Монгол төрийн үндэсний их найрал, сонифони найрал хөгжимчид, Морин хуурын чуулгын уран бүтээлчид Чингис хааны хөшөөний урд эгшиглүүлсэн юм.

Өнөөдөр Монгол Улсад 1500 цэцэрлэг, 800 гаруй ерөнхий боловсролын сургууль, 80 гаруй их, дээд сургууль, 90 мянган багш ажилтан ажиллаж, 1 сая 100 мянган хүүхэд багачууд, залуус сурч хүмүүжиж байна. Соёл урлагийн 780 байгууллагад 7140 ажиллагсад ажиллаж, жилд давхардсан тоогоор нийт 5 сая гаруй иргэдэд соёл урлагийн үйлчилгээ үзүүлж байна. Шинжлэх ухааны салбарт 4500 гаруй хүн ажиллаж, эрдэм шинжилгээ, судалгаа бүтээн туурвиж байна. Спортын салбарт төрийн 32 байгууллага, 70 гаруй спорт холбоод, 300 гаруй спортын клуб үйл ажиллагаа явуулж, 4300 гаруй салбарын тамирчид, ажилтан албан хаагчид ажиллаж байна.


Өдөрлөгийг нээж БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг хэлэхдээ,Манай улсын нийт төрийн албан хаагчдын 54 хувь буюу 105 мянган албан хаагч Монгол Улсынхаа иргэдэд боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын үйлчилгээ үзүүлж, улс эх орныхоо нэрийг тив дэлхийд цуурайтуулж, иргэддээ эх оронч үзэл сэтгэлгээг төлөвшүүлж, ард олныг соён гэгээрүүлэх ажлыг чинхүү сэтгэлээр хийж гүйцэтгэж байна. Энэ чухал салбарт Монгол Улсын Засгийн газраас үеийн үед байнга анхаарч, ард иргэдийнхээ боловсролын асуудалд нэн тэргүүний ач холбогдол өгч ирсний нэг тод жишээ бол жил бүр батлагдаж буй улсын төсвийн хөрөнгө оруулалтын 15-20 хувь, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 4-5 хувийг энэ салбарт хуваарилж ирснээр харагдана” хэмээв.


Бүх нийтийг биеийн тамир спортод уриалах зорилгоор өглөөний дасгалаар эхэлсэн нээлттэй өдөрлөг өдрийн турш аэробик, спининг, туялзуур сэлэм, дугуйн ролик зэрэг спортын төрлөөр үзүүлэх тоглолт үзэж, Үндэсний спорт, гранд гольф зэрэг спортоор өөрийгөө сорьж, хөгжөөнт тэмцээн, урамшуулалт худалдаанд оролцох боломжтой. Мөн тамирчдад үйлчилдэг биеийн бүтэц, илүүдэл жингийн индекс тодорхойлох, бие бялдрын хөгжлийн сорилын үзүүлэлтээр оношилгоо хийх, дээд, доод үе мөчний ажиллах чадвар тодорхойлох зэрэг таван төрлийн эрүүл мэндийн тоног төхөөрөмжөөр иргэдэд нээлттэй үйлчилж байв.


Түүнчлэн Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөл,  Боловсролын Үнэлгээний төв, Их дээд сургуулиудын консорциум, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт иргэдэд мэдээ мэдээлэл өгч байлаа. Мөн энэ үеэр үзүүлэх онцлог үйлчилгээний нэг нь Оюутны хөгжлийн зээлийг Боловсролын зээлийн сан чирэгдэлгүй газар дээр нь шийдвэрлэж байв. Сургуулийн өмнөх боловсролд хамрагддаг хүүхдийн хоол, бага ангийн сурагчдын үдийн цайны шим тэжээлийн талаар сургууль, цэцэрлэгийн тогооч нар танилцуулж байлаа.

Энэ үеэр 36 байгууллагын судалгаа шинжилгээний 250 гаруй инноювацын шилдэг бүтээгдэхүүнийг дэлгэсэн байв. Мөн мини одон орон судлалын өргөөнд зочилж, сансар огторгуйгаар аялах боломжийг шинжлэх ухааны салбарынхан олгожээ.


Театр урлагийн байгууллагууд урлагийн тоглолт, нийтийн бүжиг наадам, хүүхэлдэйн театрын тоглолт, театруудын мэндчилгээ гээд урлаг соёлын ажиллагаа бүтэн өдөр үргэлжлэх юм.

Тус нээлттэй өдөрлөгт яамны харьяа байгууллагууд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг СУГ, БТСГ, Нийслэлийн боловсролын газар, театр урлагийн байгууллагууд, музей, номын сангууд, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, ШУА, Шинжлэх ухаан технологийн сан, төрийн өмчит их дээд сургуулиуд, Олон Улсын донор байгууллагуудтай хамтран хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүд гэхчлэн 100 шахам байгууллага иргэдэд нээлттэй мэдээлэл үйлчилгээ үзүүллээ.

 

 

 


Холбоотой мэдээ