Ерөнхийлөгчийн хоригоос ард нийтийн асуулга хүртэл

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2019-09-23 14:33:12

Ард нийтийн санал асуулгын тухай бид ярьж байна. Энэ талаар маш бага туршлагатай. Бүх ард түмний санал асуулгыг 1945 оны 10 дугаар сарын 20-нд анх удаа БНМАУ-ын тусгаар тогтнолын талаар явуулсан юм байна. Түүнээс хойш  1995 онд ард нийтийн санал асуулгын тухай хуулийг баталжээ. Харин дараа нь уг хуулийг шинэчлэн найруулсан байна. Хуультай болсон 24 жилийн хугацаанд  түүнийг ашигласан нь үгүй. Ард түмнээс асуух зүйл Монголын төрд гарсангүй гэвэл бодит үнэнд хэр зэрэг нийцэх юм бол доо.


УИХ ард нийтийн санал асуулга явуулах, Үндсэн хуулийн нэмэлтийн төслийг 73 дугаар тогтоол (2019-09-11)-оор баталлаа. Уг тогтоолд хуулийн дагуу Ерөнхийлөгч хориг тавьсан байна. Тухайн хоригийн талаар ямар нэг байр суурь илэрхийлэхийг урьтал болгох шаардлагагүй. УИХ эрх мэдлийнхээ хүрээнд тогтоол гаргалаа. Ерөнхийлөгч хуулийн хүрээнд хориг тавилаа. Өрнөж байгаа үйл явдөл ердөө энэ. Цаашаа  үйл явдал яаж өрнөх нь одоохондоо тодорхойгүй.


Ард нийтийн санал асуулгын тухайд авч үзвэл, бидний мэдэх зүйл, хуримтлуулсан туршлага бага, өнгөрсөн хугацаанд энэ талаар болсон үйл явдал явцуу хүрээн ( 1945 онд анх удаа явуулсан )-д байх жишээтэй. Одоо  хэрэглэх гэж байгаа  ард нийтийн санал асуулгыг шууд ардчиллын нэг хэлбэр гэж үздэг аж. Ирээдүйд энэ хуулийг амьдралд маш олон удаа хэрэглэх нь тодорхой. Тэр талаас нь авч үзвэл, ард нийтийн санал асуулгын тухай хуулийг араасаа муу үр дагавар гаргах байдлаар  хэрэглэж болохгүй болов уу. Тийм учраас “бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй” гэдэгчлэн алдаа бага гаргах (болж өгвөл гаргахгүй) үүднээс эхнээс нь сайн ярилцаж зохион байгуулах хэрэгтэй болов бололтой. Уг нь Үндсэн хуулийн нэмэлтийг ард түмнээс асуух хэрэгтэй болсон тул дээрх хуулийг анх удаа хэрэглэх хэрэгцээ шаардлага гарлаа.


Тэгэхээр Үндсэн хуульд нэмэлт оруулна гэдэг маш эмзэг зүйл байсан бололтой. Гэтэл бид 1999/2000 онд анхны эцэг хуулийн нэмэлтийг бүх нийтээс асуулгүй зөвхөн УИХ-д суудалтай намууд зөвшилцөн хийсэн. Гэхдээ процедурын алдаа гаргажээ. Түүнийг нь Үндсэн хуулийн Цэц тухайн үед (1999 онд) илрүүлж, дараагийн парламент (2000 онд) эцэслэн шийдвэрлэсэн байна. Тухайн үед Үндсэн хуульд дээрх нэмэлтийг хийсэн нь зөв байсан гэж одоо олон хүн үзэж байгаа юм билээ. “Төрийн гацааг гаргасан, УИХ-ын чадамжийг дээшлүүлсэн” гэх мэтчилэн ярьдаг. Ийм сайн зүйл тэр нэмэлтэд олон байгаа боловч олны нүднээс далдуур процедурын алдаа гаргасан явдлыг өнөөдрийг хүртэл олон нийт цагаатгаагүй байна.


“Муу үг модон улаатай” гэдэг шиг Үндсэн хуулийн анхны нэмэлт зарчмын хувьд  зөв байсан ч, анхнаасаа бүтэлгүйтэж өнөөдрийг хүртэл сайн нэр дуулаагүй гэж хэлж болно. Тухайн нэмэлтийн талаар иргэд тодорхой зүйл хэлж чадахгүй ч “дордуулсан долоон өөрчлөлт” гэж хэлбэл Үндсэн хуулийн анхны нэмэлтийг ярьж байна гэж ойлгох хэмжээнд хүрчээ. Аливаа зүйлийг  олон нийт сайнаас нь түрүүлж мууг нь хүлээж авдгийн хамгийн тод жишээ бол энэ. Тийм ч учраас УИХ бие дааж Үндсэн хуульд нэмэлт оруулахаас болгоомжилж ард нийтийн санал асуулга явуулна гэж шийдсэн байх. Хэрэв тэд ийм шийдэл гаргахгүй, хуулийн хүрээнд Үндсэн хуульд нэмэлт оруулбал нийгэм даяараа, нэг дуугаар  хүлээн зөвшөөрөхгүй байх нөхцөл үүсэх магадлалтай байв. Ийм хямарлыг хүсээгүй тул парламент өөрийгөө хязгаарлаж дээрх шийдвэрийг гаргажээ гэж ойлгож болно.


УИХ-ын шийдвэр араасаа ард нийтийн санал асуулга гэдэг  том тээг саадыг дагуулав бололтой. Үндсэн хуульд анх нэмэлт (2000 он) оруулахдаа гаргасан алдааг  анхны ард нийтийн санал асуулга дээр дахин давтвал үр дүн гарахгүй аюултай. Дараа нь санал асуулга явуулах болоход нийгэм бүхэлдээ түүнийг хүлээн авахгүй байх муу зуршил тогтоно. Ийм учраас одоо  ард нийтийн санал асуулгыг яаж  зөв, оновчтой явуулах вэ гэдэг чухал  зүйл гарч ирэв гэлтэй.


Шууд ардчиллын нэг хэлбэр болсон санал асуулгыг олон талаас нь хэлэлцэж олны санаанд нийцүүлэн зохион байгуулбал “Нэг сумаар хоёр туулай буудав” гэдэг шиг Үндсэн хуульд нэмэлт оруулахаас гадна, ард нийтийн санал асуулга явуулдаг сайн жишиг тогтоох боломжтой. Түүнийг сайн зохион байгуулж чадвал Үндсэн хуулийн нэмэлтийг хийхээс  УИХ болгоомжилсон, УИХ-д иргэд эргэлзсэн өнөөгийн нөхцөл  байдал арилах сайн талтай. Мөн ард нийтийн санал асуулга зохион байгуулах сайн жишиг тогтоно. Ерөнхийлөгчийн хоригоос ард нийтийн санал асуулга хүртэл бидэнд бодох зүйл, хийх ажил их байгаа бололтой.

Холбоотой мэдээ