Аваргууд өнжсөн Аки башёгийн түрүү бөхөөр Митакэүми тодорлоо

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-09-23 11:22:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы Токио хотноо 15 хоног үргэлжилсэн мэргэжлийн сумо бөхийн Аки башё буюу намрын тэмцээнд Сэкиваке Митакэүми, нэмэлт барилдаанд Такакейшог давснаар түрүү бөхөөр тодорч, Японы Эзэн хааны цомыг хоёр дахь удаагаа хүртлээ.


Энэ өдөр башёг тэргүүлэгч Такакейшо, Окиноүми /хоёул 11 даваа, 3 унаатай/ нар учраа таарсан юм. Тэр хоёрын хэн давсан нь тэдний дараа барилдах Митакэүми /11-3/, Эндо /8-6/ нарын барилдаанд Митакэүми давбал нэмэлт барилдаан хийх, Эндо давбал энэ башёд шууд түрүүлэх байв.  Ингээд Такакейшо, Окиноүмиг ошидаши мэхээр давж, Окиноүми 4 унаатай болж тэргүүлэгчдийн эгнээнээс хасагдлаа.


Харин Митакэүми, Эндог ёрикири мэхээр давснаар Аки башёгийн түрүү бөхийн төлөө Такакейшотой хүч үзэхээр болов. Ийнхүү нэмэлт барилдаанд Митакэүми, Такакейшог ёрикири мэхээр давж Аки башёд түрүүллээ.


Сүүлийн өдрийн барилдаанд Аки башёгийн хамгийн том цолтой Озэки Гойэдо, Точиношин нар учраа таарч барилдан Гойэдо ёрикири мэхээр давж 10 даваатай башёг дуусгасан бол Озэки Точиношин 9 унаатай болж дараагийн башёд цол буурч Сэкиваке цолтой барилдахаар болов.


Аки башёгийн 15 дахь өдрийн барилдаанд 7 даваатай байсан Тамаваши Б.Мөнх-Оргил /өндөр-189 см, жин-173 кг/, Ишиюүра /өндөр-175 см, жин-110 кг/-д ёрикири мэхээр унаж 8 унаатай башёг дуусгалаа.

Холбоотой мэдээ