АНУ-ын бэлтгэсэн 75 босогч Сири рүү оржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-09-21 12:43:00

ДАМАСК. /BBC/. АНУ-ын бэлтгэсэн 75 босогчоос бүрдэх баг террористуудтай тэмцэхээр Туркээс Сирийн хойд нутаг руу нэвтрэн орлоо гэж Их Британид төвтэй Сирийн хүний эрхийн ажиглалтын байгууллага мэдэгдэв.

Хүнд буугаар зэвсэглэсэн 12 машинтай босогчид амралтын өдрүүдээр Сирийн хилийг нэвтрэн оржээ.

АНУ-ын бэлтгэсэн цөөхөн хэдхэн босогч Сирид дайтаж байна гэж АНУ-ын генерал мэдэгдсэний дараахан энэ мэдээлэл гарсан байна.

5000 босогчийг бэлтгэж, зэвсэгжүүлэхэд зориулах 500 сая долларыг АНУ-ын Бүгд найрамдах намын улс төрчид баталсан боловч энэ ажиллагаа бүтэлгүйтсэн.

Туркийн нийслэл хотын ойролцоох цэргийн баазад бэлтгэгдсэн 75 дайчин баасан гарагаас бямба гарагт шилжих шөнө Сирийн Алеппо муж руу орсон гэж ажиглалтын байгууллагын захирал Рами Абдел Рахман мэдэгдэв.

Мөн тэрбээр, Сири болон Ирак дахь “Лалын улс” бүлэглэлийн байрлалд агаараас цохилт өгөх АНУ тэргүүтэй эвсэл босогчдын цувааг агаараас хамгаалж Сири рүү оруулсан гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд