Маргааш “Монголын үндэсний паралимпын өдөр”-ийг анх удаа тэмдэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-09-13 11:28:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний паралимпын өдрийг маргааш /2019.09.14/ анх удаа тэмдэглэхээр болсон байна.


Энэ өдрийг тохиолдуулан Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрт ёслол хүндэтгэлийн баярын хурал зохион байгуулах юм. Энэхүү ёслолд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Азийн Паралимпын хорооны гүйцэтгэх захирал Тарек Соуе тэргүүтэй олон улсын албаны төлөөлөгчид оролцоно. Мөн “Бээжин-2008” паралимпын аварга /байт харваа/, Монголын анхны тамирчин Д.Баатаржав тэргүүтэй манай улсын пара спортын баг тамирчид, багш дасгалжуулагчид оролцон үндэсний паралимпын өдрийг тэмдэглэх юм.


Монголын үндэсний паралимпын хороо /МҮПХ/-ноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн идэвхтэй амьдралд татан оролцуулах,  нийгэмшүүлэх, ажил хөдөлмөр эрхлэх сонирхлыг өрнүүлж ирсэн 30 жилийн түүхийг бичжээ. Өнөөдөр тэдний дундаас спортын авьяаслаг ур чадвартай өсвөр, залуу тамирчдыг нээн илрүүлж тив, дэлхий, паралимпын наадмын түвшинд өрсөлдүүлэх, залгамж халааг бэлтгэхэд онцгой анхаарч ажилласны үр дүн гарч байна.


МҮПХ-ноос орон нутагт паралимпын спортыг хөгжүүлэх зорилгоор тогтмол сургалт зохион байгуулдаг болсон нь хөгжлийн бэрхшээлтэй өсвөр залуу үеийг төдийгүй бүх насныханд их урам, эрч хүч өгөх болжээ. МҮПХ-ны төлөөлөгчийн газар аймаг бүрт амжилттай үйл ажиллагаа явуулж пара спортыг улс орон даяар түгээн дэлгэрүүлэх боломжийг нээж байгаа юм.


Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортын асуудлыг хариуцсан төрийн бус байгууллага /ТББ/ анх 1989 онд Тахир дутуу хүмүүсийн БТС-ын холбоо нэртэй байгуулагдсан. Харин 1995 оноос Монголын Паралимпын хороо хэмээх нэртэй болж албан ёсоор байгуулагдсан бөгөөд 2000 онд Олон улсын паралимпын хороо/ОУПХ/-ны гишүүнээр элсэн оржээ.


Бразил улсын Рио де Жанейро хотноо зохион байгуулсан “Рио-2016” зуны 15 дугаар паралимпын наадамд байт харваа, пауэрлифтинг, буудлага, жүдо бөх, хөнгөн атлетикийн төрлөөр нийт 8 тамирчин оролцож жүдо бөхөөр Б.Ууганхүү, пауэрлифтингээр Э.Содномпилжээ тус тус паралимпын хүрэл медаль хүртэж манай тус наадамд оролцсон 159 орноос 75 дугаар байрт шалгарсан юм.


Өвлийн пара спортын төрлөөр гүйлтийн цанын тамирчид 2006 онд Итали улсын Турин хотноо болсон паралимпын наадамд анх удаа оролцсон түүхтэй. Канад улсад болсон “Ванкувер-2010” өвлийн паралимпын наадамд манай 2 тамирчин урилгаар оролцсон бол 2014 онд ОХУ-д зохион байгуулсан “Сочи-2014” Өвлийн паралимпын наадамд ДАШТ-ээс анх удаа манай цанын тамирчин Б.Ганболд паралимпын эрх авч амжилттай оролцсон билээ.

Холбоотой мэдээ