Бэлчээрийн даац нутгийн 50 орчим хувьд нь хүрэлцээтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-09-05 17:18:48

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газраас Монгол Улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2019-2020 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолон гаргаж өгчээ.

Архангай аймгийн нутгаар зуншлага 2019 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар 60 гаруй хувь нь сайн, 40 орчим хувь нь дунд байжээ. Бэлчээрийн даацыг аймгийн нийт нутгаар тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нутгийн 50 орчим хувьд нь бэлчээр хүрэлцээтэй, 35 гаруй хувьд даац 3-5 дахин хэтэрсэн, 10 гаруй хувьд нь олон дахин хэтэрсэн байдалтай байна. Өөрөөр хэлбэл, нийт нутгийн 50 орчим хувьд нь өвөл-хаврын бэлчээрийн даац хүрэлцээтэй байхаар, харин 50 гаруй хувьд хэтэрч гарчээ.

Архангай аймгийн нийт нутгийн баруун, хойд хагаст зуншлага сайн, харин зүүн, зүүн өмнө, зүүн хойд талын зарим нутгаар зуншлага хэвийн байсан ч нэг наст болон хөл газрын ургамал түрж ургасан, ургамал сийрэг байгаа нь даац хэтэрч гарах шалтгаан болсон байна. Аймгийн сумдын дүнгээр авч үзвэл Булган, Цэнхэр, Цэцэрлэг, Өндөр-Улаан, Хайрхан, Батцэнгэл, Хашаат сумын нутгаар даац 3 - 5 дахин, Ихтамир, Өлзийт, Өгийнуур сумын нутгаар олон дахин хэтэрчээ.           

Бэлчээрийн даац хэтэрч гарсан сумдын нутагт өвс хадлан бэлтгэх, нэмэгдэл тэжээл нөөцлөх, отор нүүдэл хийх, малын тоог бууруулах зэргээр эртнээс анхаарч, мал өвөлжилт хаваржилтад одооноос эхлэн бэлтгэх нь зүйтэй гэж аймгийн ХХААГ-т мэдээллийг хүргүүлжээ.

Холбоотой мэдээ