АШУҮИС-д 1000 гаруй оюутан элсжээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2019-09-02 09:38:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АШУҮИС-ийн 2019-2020 оны хичээлийн жилийн нээлт боллоо. Монгол Улсын УИХ-ын дарга Г.Занданшатар, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, БСШУС-ын сайдын зөвлөх, АШУҮИС-ын удирдах зөвлөлийн дарга Ж.Хатанбаатар нар хүрэлцэн ирж, хуран цугласан эрдэмтэн багш нар болон оюутан залууст мэндчилгээ дэвшүүлсэн юм.

АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон 2019-2020 оны хичээлийн жилийг “Сэтгэлтэй, санаачилгатай, хариуцлагатай” байдлыг дэмжих жил болгохыг сургуулийнхаа нийт эрдэмтэн багш, оюутнууддаа уриаллаа.

Улсын университет, Хүн эмнэлгийн факультет, Анагаах ухааны дээд сургууль, Анагаах ухааны Их сургууль, Эрүүл мэндийн Шинжлэх ухааны их сургууль, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль болон хөгжсөн түүхэн цаг хугацаандаа нийт 77 дахь удаагаа шинэхэн элсэгчдээ хүлээн авав.

2018-2019 оны хичээлийн жил АШУҮИС-ийн хамт олны хувьд бүтээн байгуулалтын жил болжээ. Тухайлбал, бүтэц зохион байгуулалтын хувьд “Эрдмийн сургууль”, “Мэргэжил дээшлүүлэх институт”, Тархи судлалын хүрээлэн, Их сургуулийн эмнэлэгтэй шинэ хичээлийн жилээ угтаж байгаа нь өмнөх жилүүдээс онцлог байна.

Харин 2019-2020 оны хичээлийн жилд сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэгдлийг ханган, их сургуулийн хотхоныг барьж байгуулах, Монгол Япон сургалтын эмнэлгийн үйл ажиллагааг эхлүүлэн их сургуулийн эмнэлгийн тогтолцоог хөгжүүлэх, эрхзүйн орчныг бүрдүүлэн, төгсөлтийн дараах сургалтад чанарын ахиц гаргахад чухал алхам болох юм. Мөн энэ жилээс 1996 оноос хойш элсэлт авахгүй зогссон байсан хүүхдийн эмчийн ангиа дахин нээхээр бэлтгэл ажлаа эхлүүлээд байна. Энэ хичээлийн жилд тус сургууль нийт 24 хөтөлбөрөөр 1334 оюутан элсүүлжээ. Үүнээс бакалавр 17 хөтөлбөрөөр 1142, дипломын 7 хөтөлбөрөөр 192 оюутан элсүүлсэн байна. 

Холбоотой мэдээ