Хүнснийхэн сав баглаа, боодлын сургалтад хамрагдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2019-08-29 17:42:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн Сав баглаа боодлын байгууллагын дэд ерөнхийлөгч Соха Аталла болон ерөнхий нарийн бичгийн дарга, эксперт Йоханес Берхмаер нар манай улсад ажиллаж байна.

Тэд хүнсний аюулгүй байдлын хүрээнд сав баглаа боодлыг олон улсын стандартын шаардлагын дагуу үйлдвэрлэх, хэрэглэх талаар болон сав баглаа, боодол нь брендинг, маркетингийн хэрэгсэл болох талаар сургалт явуулж байна. “Хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа боодол ба брендинг-маркетинг” олон улсын сургалтыг өчигдөр Бяслаг үйлдвэрлэгчдийн холбооны гишүүдэд явуулсан бол, өнөөдөр мах, сүүний сав баглаа, боодол үйлдвэрлэгчдэд зохион байгуулж байна.  

Олон улсын сав баглаа, боодлын мэргэжилтнүүд наймдугаар 31-нийг хүртэл Монголд ажиллахдаа ХХААХҮЯ, мэргэжлийн холбоод, мах, сүү, бяслаг үйлдвэрлэгчид болон сав баглаа, боодол үйлдвэрлэгчидтэй биечлэн уулзаж мэргэжлийн зөвлөгөө өгөх юм. Мөн малчин айлд очиж Монголын уламжлалт сав баглаа, боодлын хэрэглээтэй танилцах юм.

Дэлхийн Сав баглаа боодлын байгууллагын дэд ерөнхийлөгч, хатагтай Соха Аталла нь Араб, Азийн орнуудад  аж үйлдвэрийн хөгжил, сав баглаа, боодол, маркетинг, хүнсний аюулгүй байдлын талаар 20 гаруй жил ажилласан туршлагатай мэргэжилтэн юм.


Тэрбээр Харвардын Бизнесийн сургуульд Стратегийн маркетингийн удирдлага сэдвээр мэргэшжээ. Мөн тус байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга ноён Йоханес Берхмаер нь PACK EXPERTS нэртэй сав баглаа, боодлын зөвлөх компанийг үндэслэгч, Австрийн Стандартчиллын хороонд сав баглаа, боодол хариуцсан аудитор, хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуй, сав баглаа, боодлын технологийн талаар мэргэшсэн хүн юм.


Холбоотой мэдээ