Эверестийн бүсэд нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүнийг хориглоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-08-22 12:21:07

КАТМАНДУ. /The Guardian/. Авирагчдын орхисон хог хаягдлыг бууруулах зорилгоор Эверест уулын бүсэд нэг удаагийн хуванцар бүтээгдэхүүн хэрэглэхийг хориглох шийдвэрийг Балба улсын эрх баригчид гаргажээ.


Энэхүү хоригийг 2020 оны нэгдүгээр сараас Кхумбу Пасанг Лхаму тосгонд мөрдөж эхэлнэ. Орон нутгийн төлөөлөгчийн “AFP” агентлагт мэдээлснээр, уг хоригийг хэрэгжүүлснээр Эверест орчмын бүс нутгийг хадгалан хамгаалахад ихээхэн хувь нэмэр оруулах ажээ.


Балбын холбогдох албаны төлөөлөгчид саяхан Эверест уулнаас 11 тонн хог хаягдал цэвэрлэсэн юм. Дээрх шийдвэрийг дагуу 30 микроноос бага хэмжээтэй бүх төрлийн хуванцар сав болон хуванцар бүтээгдэхүүний хэрэглээг хориглосон бөгөөд хоригийг зөрчсөн хүмүүст ямар шийтгэл ногдуулах талаар хараахан мэдээлээгүй байна.


Хоригийн хэрэгжилтийг хянан шалгахад Балбын Уулын спортын холбоо, аяллын болон агаарын тээврийн компаниуд орон нутгийн төлөөлөгчидтэй хамтран ажиллах ажээ. 

Холбоотой мэдээ