Үндсэн хуулийн төслийн эхийг баригчтай Дэд багийн ахлагчид хуралдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-06 17:36:12
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын багт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд багийн ахлагчид төслийн эхийг баригчтай өнөөдөр хамтран хуралдав.


Хамтарсан хурлаар, Зөвшилцлийн ажлын багаас гарсан саналыг төсөлд хэрхэн тусгах боломжийн талаар ярилцлаа.


УИХ-аар хэлэлцэж буй Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд Ерөнхийлөгчийн өргөн барьсан Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөл, саналыг тусгахаар УИХ-аас Зөвшилцлийн ажлын баг байгуулсан. Тус ажлын баг өнгөрсөн сарын 22-26-нд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаар таван багц сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Хэлэлцүүлгээр, төсөл санаачлагчид, төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, иргэдийн төлөөлөл байр сууриа илэрхийлж саналаа хуваалцсан.



Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын багт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд багийн ахлагчаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан ажиллаж байна. Харин ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил, арга зүйн туслалцаагаар хангах; Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн; Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн; Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн; Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн; Томъёоллын гэсэн зургаан дэд хэсэг ажиллаж байгаа юм.


Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил, арга зүйн туслалцаагаар хангах дэд баг маргааш хуралдахаар тогтлоо.


Холбоотой мэдээ