Усны алдагдлыг шийдвэрлэхээр ажлын хэсэг ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн ЗДТГ, “Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран усны алдагдлыг бүрэн шийдвэрлэхээр боллоо.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Булган аймгийн Сэлэнгэ мөрнөөс усаа татаж үйлдвэр болон хотын оршин суугчдын усыг бүрэн хангадаг. Гэтэл хотод нийлүүлж буй ус, хэрэглэсэн усны тооцоо хоёрын зөрүүгээс аймаг “Эрдэнэт үйлдвэр”-т олон тэрбум төгрөгийн өртэй болоод байгаа юм.
Тодруулбал, Орхон аймгийн 100 гаруй мянган иргэн жилд 5.5 сая шоо. метр ус хэрэглэдэг бөгөөд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нийт 17 сая шоо. метр ус нийлүүлсэн тул үлдэгдэл усны төлбөрөө төлөхийг аймгаас шаарддаг аж. Гэтэл “Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК үүнийг эсэргүүцэж нийлүүлсэн нийт усны 54 хувьтай тэнцэх мөнгийг төлөх боломжгүй гэж мэдэгдсээр олон жил болж байна.
Үүнийг шийдвэрлэх зорилгоор МХЕГ, аймгийн ЗДТГ, Ус сувгийн ерөнхий газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хамтран ажлын хэсэг гаргаж иргэд, оршин суугчдын хэрэглэж буй усны тоолуур, Эрдэнэт үйлдвэрээс ус нийлүүлж буй тоолуур, инженерийн шугам сүлжээ зэрэгт нарийвчилсан судалгаа хийхээр боллоо.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ Орхон аймагт жилд дунджаар 5 тэрбум төгрөгийн ус нийлүүлдэг бөгөөд үүний 2 тэрбум төгрөгийг газрын төлбөр болгон суутгаж 3 тэрбум төгрөгийг нэхэмжилдэг юм.
Харин “Эрдэнэт Ус ДТС” ОНӨХК айл өрхөд нийлүүлсэн усны заалтаараа төлбөрөө төлдөг байна. Энэ мэтчилэн ус тойрсон олон асуудал байгаа тул дээрх ажлын хэсэг шийдвэрлэхээр ажиллаж байна.