Аймгийн мэргэн харваач 2, Идэр мэргэн харваач 2 төрлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-07-10 10:11:27

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Ардын хувьсгалын 98 жил, Өвөрхангай аймаг үүсгэн байгуулсаны 88 жилийн ойн баяр наадмын Үндэсний сур харваа, шагайн харвааны төрөлд тэргүүн байр эзэлсэн харваачдад цол олгон шагнал гардууллаа.

Шагайн харваанд нийт 160 гаруй харваач оролцож, цэц мэргэнээ сорьсон юм. Багийн харвааны төрөлд Өлзийт сумын Б.Баярхүү ахлагчтай “Алтан аргай” баг тэргүүлсэн бол Баян-Өндөр сумын Д.Бум-Эрдэнэ ахлагчтай “Арвайн-Илч” ХХК-ийн баг дэд байр, Баянгол сумын Г.Нандинбаатар ахлагчтай баг гутгаар байрыг тус тус эзлэв.

Хувийн цуваа харваанд Б.Алтанхуяг /Баян-Өндөр/ тэргүүлж, М.Батбаатар /Тарагт/, Б.Мөнхзаяа /Уянга/ нар дараах байруудад шалгарлаа.

Үндэсний сурын харваанд 70 гаруй харваач эрхий мэргэнээ сорин өрсөлдсөн бөгөөд тэмцээний тэргүүн байрыг эзэлсэн Хархорин сумын уугуул, Монгол Улсын спортын мастер Б.Зундуй, Тѳгрѳг сумын уугуул, Мэргэд лаборатори сургуулийн багш С.Лхагвасүрэн нар "Аймгийн мэргэн" цолны болзол хангалаа.

Мөн дэд байрыг эзэлсэн Гучин-Ус сумын уугуул,  Монгол Улсын спортын мастер Б.Намбардуламд “Гарамгай харваач” цол хүртээсэн юм.

Өсвөрийн харваачдаас тэргүүн байрт шалгарсан, Богд сумын ЕБС-ийн сурагч Б.Даваадорж, Уянга сумын ЕБ-ын 1 дүгээр сургуулийн сурагч А.Цолмон-Эрдэнэ нарт “Идэр мэргэн” цол хүртээлээ.

Холбоотой мэдээ