АРХАНГАЙ: Өгий нуурын мэдээлэл сургалтын төвөөр 800 гаруй аялагч, амрагч зочилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-07-28 14:18:11

Эрдэнэбулган, 2025 оны долоодугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Орхон-Чулуут голын сав газрын харьяа Өгий нуурын мэдээлэл сургалтын төв энэ жил дотоодын болон гадаадын 800 гаруй аялагч, амрагчдад Өгий нуурын танилцуулга, шувуу, ургамлын талаар мэдээлэл өгч, гарын авлага өгчээ.


Тус төв нь 2005-2010 онд БОЯ, Японы Жайка байгууллагын хамтран хэрэгжүүлсэн “Өгий нуурын экосистемийг хамгаалах төсөл”-ийн хүрээнд 2009 оны 7-р сарын 4-ний өдөр байгуулагдсан.


Олон Улсын Рамсарын конвенцид Монгол Улсаас 11 нуурыг бүртгэсэн байдаг ба үүний нэг нь Өгий нуур юм. Энэ нуурын эрэг дээр баригдсан нь Өгий нуурын үзэсгэлэнт байгаль, амьтан ургамал, шувуудыг танилцуулах, экологийн цогц судалгаа хийх, сургалт сурталчилгаа явуулах, экологийн боловсрол олгох, экотуризмыг орон нутагт хөгжүүлэх зорилготой загвар төв юм.


Энэхүү мэдээлэл сургалтын төв нь Монгол орны төв хэсэгт, Улаанбаатар хоттой хамгийн ойр 330км зайтай. Орхоны хөндийн аялал жуулчлалын маршрутын эхлэл болон төгсгөл нь болдгоороо онцлогтой. Мөн сүүлийн жилүүдэд гадаадын төдийгүй дотоодын аялагчид байгалийн сайхныг шүтэн аялах болсон бөгөөд эдгээр аялагчдад байгаль хамгаалах, экологийн мэдээлэл өгч байдгаараа онцлог юм.


Уг төв нь Өгий нуурын ус, намгархаг газар болон Орхон голын экосистемийг танилцуулах үзмэрийн танхим, сургалтын өрөө, ажлын өрөө бүхий төв байр, иргэдийн гар урлалын бүтээлийг худалдаалах, тэднийг байгаль хамгаалахад татан оролцуулах зорилготой “Орон нутгийг дэмжих төв” гэсэн гурван барилгаас бүрддэг.




“Өгий нуур нь Архангай аймгийн Өгийнуур сумын төвөөс зүүн хойш 30 км зайд орших үзэсгэлэнт нуур бөгөөд Орхон голын сав газрын цэнгэг устай томоохон нуурын нэг юм. Өгий нуурын ус, намгархаг газар нь 2570 га талбайтай, эргийн шугамын урт нь 24,7км, хамгийн гүн хэсэгтээ 15,3м, 171 сая.м3 эзлэхүүнтэй, Хөгшин Орхон гол баруун урдаас цутгадаг. 


Өгий нуур орчимд явуулсан 2005-2006 оны судалгаагаар 266 зүйл ургамал, 20 зүйл хөхтөн, 15 зүйл загас, 83 зүйл усны шавж, 129 зүйл шувуу, 3 зүйл мөлхөгч, 2 нутагтан 1 зүйл бүртгэгдсэн байдаг.


Өгий нуурыг 2006 онд орон нутгийн тусгай хамгаалалтад, 1998 онд Рамсарын конвенцид бүртгэсэн байна.


Холбоотой мэдээ