Тарваган тахал өвчний сэжиг бүхий иргэнийг хурдавчилсан тестээр шинжлэхэд сөрөг гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-07-08 15:22:08

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Сагсай сум дахь зэвсэгт хүчний дугаар ангийн алба хаагч Д тарваган тахалын сэжиг бүхий өвчнөөр өвчилж эмнэлэгт хандсан тохиолдол өчигдөр бүртгэгдсэн. Өвчилсөн хүнээс дээж авч хурдавчилсан тестээр шинжлэхэд сөрөг буюу тарваган тахал төст ургалт байхгүй гэсэн дүгнэлт урьдчилсан байдлаар гарчээ.

Аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс өгсөн мэдээллээр, Орхон аймгаас аяллын шугамаар ирсэн гурван иргэн замдаа Завхан аймгаас тарваганы мах худалдан авч Өлгийд амьдардаг найзынхаа гэрт чанаж идсэн байна. Мах идэх үед долоон хүн байсан бөгөөд Орхоноос ирсэн хүмүүс цаашаа Алтай Таван богд руу явсан аж.

Тэднийг явсны хойно иргэн Д-гийн дотор муухайрч бөөлжин аймгийн Нэгдсэн эмнэлэгт ханджээ. Түргэвчилсэн тестийн хариу сөрөг гарсан ч холбогдох журмын дагуу нарийвчлан нян судлалын шинжилгээ хийж байгаа гэнэ. Мөн Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон ОХУ-ын Эрхүү хот дахь Сибирь Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнд молекул биологи, илдэс судлалын шинжилгээ хийлгэхээр дээж явуулжээ. Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэсэгчлэн хөл хорио тогтоогоод байна.

Харин шинжилгээний эцсийн хариу 24 цагийн дараа буюу энэ сарын 9-ний өдрийн өглөө гарах ажээ.

Холбоотой мэдээ