ЭХЭМҮТ-ийн эмч нар Дундговь аймагт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2019-07-05 18:34:41
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нар Дундговь хөгжлийн их сан ТББ-ын дэмжлэгээр тус аймагт ажиллаж, хүүхдэд зохилон тохиолддог эмгэгийн мэс засал хийж, зөвлөгөө өгч, хүүхдийн эмч, нярайн эмч, мэс заслын эмч нарт ажлын байрны болон ёс зүйн сургалт хийлээ.

Дундговь аймгийн хэмжээнд хүүхдийн мэс заслын чиглэлээр мэргэшсэн нарийн мэргэжлийн эмч байхгүй учраас эцэг эхчүүд хүүхдээ Улаанбаатар хот руу авч явж, хагалгаа хийлгэдэг ажээ. Энэ нь үйлчлүүлэгчдэд урьдчилан эртнээс дугаар авах, шинжилгээ өгөхөд олон хоног зарцуулах, зардал чирэгдэл гарах, хагалгааны дараах гам алдах зэрэг олон бэрхшээл тулгардаг байна.  

Энэ удаа цавины эвэрхийтэй, төмсөг, тээхний арьс шамардаггүй, төмсөгний венийн судас өргөсөлттэй зэрэг эмгэгтэй 16 хүүхдэд хагалгаа хийн, зөвлөгөө өгч, Нэгдсэн эмнэлгийн эмч, ажилчдад ажлын байрны сургалт хийжээ.

ЭХЭМҮТ-ийн хүүхдийн мэс заслын тэргүүлэх зэргийн эмч, клиникийн профессор А.Цэнджав хэлэхдээ “Цөөхөн аймгууд хүүхдийн мэс засалч эмч бэлтгэсэн. Нарийн мэргэжлийн хүүхдийн мэс заслын эмч байхгүй аймгуудын нэг нь Дундговь. Энэ үйл ажиллагаа маань бүхэл бүтэн баг ирээд ард түмэнд зардал чирэгдэлгүй, хүндрэлгүй үйлчилж байгаагаараа давуу талтай. Мөн эмч нараа газар дээр нь сургаж байна.

Цаашдаа аймагтаа нарийн мэргэжлийн эмч бэлтгэж, тодорхой хугацааны дараа бид нарын хийж байгаа энэ хагалгааг орон нутагтаа хийдэг болно. Тэгэхээр ирэх намраас танай аймаг эмчээ бэлтгэх байх  гэж бодож байна.” гэлээ. 

Холбоотой мэдээ