М.Эрдэнэбаяр: Дотоод хэргийн их сургуулийн хэтийн төлвийг тодорхойллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2019-07-09 17:12:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хуулийн салбарын анхны сургуулиудын нэг болох Цэргийн гавьяаны улаан туг, Байлдааны гавьяаны одонт Дотоод хэргийн их сургууль /ДХИС/ ирэх намар 85 жилийн ойгоо тэмдэглэнэ. Уг түүхэн ойг угтан  “ДХИС-ийн түүхэн замнал, хөгжлийн чиг хандлага” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулав. Хурлын үр дүнгийн талаар тус сургуулийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, цагдаагийн хурандаа, хууль зүйн ухааны доктор М.Эрдэнэбаяртай ярилцлаа. 

- Сургууль тань 85 жилийнхээ ойн босгонд ирчжээ. Ойн баяраа угтаж ямар ажил өрнүүлж байна вэ?

-Монгол Улсын боловсролын тогтолцооны ууган сургуулиудын нэг болох Дотоодын хэргийн их сургуулийг 1934 онд байгуулсан. Энэ хугацаанд үндэсний шинжлэх ухаан, технологи, инновацийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлэх, тогтвортой хөгжил, мэдлэгт суурилсан нийгмийг цогцлооход тус сургууль зохих хувь нэмрээ оруулсаар ирсэн бөгөөд аюулгүй байдал, дотоод хэргийн салбарын шинжлэх ухааныг хөгжүүлэх, тэдгээрийн мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх үүргээ нэр төртэй биелүүлж чадсаныг тэмдэглэн хэлэхэд таатай байна. Дотоод хэргийн их сургууль нь шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх, практикт тулгамдсан асуудлыг тодорхойлох зорилго бүхий дотоод хэрэг аюулгүй байдлын тулгамдсан асуудлаар (Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд тулгамдаж буй асуудал) 2011, (Гэмт явдалтай тэмцэх төрийн бодлогын хэрэгжилт, чиг хандлага) 2016, 2017 (Хилийн аюулгүй байдалд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам) 2018 зэрэг олон улсын эрдэм шинжилгээний хурлыг амжилттай зохион байгуулсан.

-“ДХИС-ийн түүхэн замнал, хөгжлийн чиг хандлага” олон улсын эрдэм шинжилгээний хурлын онцлогоос тайлбарлана уу?

-Эрдэмтэн, судлаач нар улс орны аюулгүй байдал, ард иргэдийн амгалан тайван байдлыг сахин хамгаалах чиг үүрэг бүхий мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэж ирсэн дайчин уламжлал, шинэ зуунд их сургуулийн нийгэмд гүйцэтгэх үүрэг цаашдын чиг хандлагыг тодорхойлохоор хэлэлцэж байгаагаараа онцлог. Их сургуулийн түүхэн замналын тухай түүхийг сөхөн, туулж ирсэн туршлага, сургамжийг өгүүллээ. Үүнийн зэрэгцээ гадаадын эрдэмтэн судлаачид дэлхий нийтийн эрх зүйн тэр дундаа хууль эрх зүйн боловсролын хөгжлийн өнөөгийн байдал цаашдын чиг хандлагын талаар судалгаа шинжилгээ хийж тэдгээрийг хэлэлцүүлж байгаа нь сайшаалтай юм.

-Эрдэм шинжилгээний хуралд нийт хэдэн илтгэл тавигдсан бэ? 

-Хуралд ОХУ, БНХАУ, БНВУ, БНТУ болон дотоодын их дээд сургууль, шинжлэх ухааны болон практик байгууллага, эрдэмтэн судлаачдаас эрдэм шинжилгээний 90 гаруй илтгэл өгүүлэл ирүүлжээ. Эмхэтгэлд дээд боловсролын хөгжил, дотоод хэргийн салбарын шинжлэх ухааныг хөгжүүлэх чиглэлээр олон сонирхолтой илтгэл нийтлэсэн. Ялангуяа манай ахмад эрдэмтэд Н.Баатаржав, С.Арсланбаатар, Б.Доржсүрэн, Г.Баярхүү, Т.Оюунчимэг нар сургуулийн түүхэн хөгжлийн онцлог туршлага, дэг сургууль, төв болон нэгдсэн сургууль, тусгай дунд, дээд сургуулийн нийгэмд гүйцэтгэсэн үүргийг тодорхой гаргасан нь хойч үеийхэнд тун сонирхолтой, анхаарууштай, сургамжтай болжээ. Түүнчлэн залуу болон дунд үеийн судлаачид дотоод хэргийн салбарын боловсролын өнөөгийн байдал, цаашдын зорилго, хэтийн төлвийг тодорхойлж, чухалчлан үзэх олон санал дүгнэлтийг судалгаа шинжилгээний үндсэн дээр нээн гаргасан нь ач холбогдолтой болсон болно. Олон улсын эрдэм шинжилгээний хуралд ирүүлсэн шилдэг 40 гаруй илтгэлийг эмхэтгэж байгаа нь та бүхний эрдэм судлал, оюуны хөгжилд бага ч болов тус дэм болох болов уу хэмээн найдаж байна.

-Танай сургууль ХСИС гэж байсан. Одоо ДХИС гэж нэртэй болжээ. Энэ нь шинэ удирдлагатай холбоотой юу?

-Нэг их сонин содон болгох гэж нэрээ солиогүй. Мөн Дотоод хэргийн их сургуулийн захирал, доктор, профессор, хошууч генерал Ш. Лхачинжав ирээд ч солигдоогүй. Уг нь 2011 онд ДХИС гэж нэрлэж, анх энэ сургуулийг өөрчилж, өргөжүүлж байсан. Харин тухайн үеийн нийгмийн өөрчлөлтөөр 2012 онд ХСИС гэж өөрчилсөн. Үүний дараагаар 2019 оны гуравдугаар сард ДХИС гэсэн хуучин нэрээ сэргээсэн. Одоо манай бүрэлдэхүүн  дотор Цагдаагийн сургууль, Хилийн сургууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх сургууль, Онцгой байдлын сургууль, Удирдлагын академи, Ахлагчийн сургууль, Эрх зүйн сургууль, Шинжлэн магадлахуйн институт, Анхалсан шатны боловсролын сургууль, Ахлах сургууль, Эрдэм шинжилгээний хүрээлэн гэсэн 11 салбар сургууль багтдаг.

- Сургуулийн гадаад харилцаа өргөжиж байна уу?

-Өргөжиж байгаа. “ДХИС-ийн түүхэн замнал, хөгжлийн чиг хандлага” олон улсын эрдэм шинжилгээний хурал бол гадаад харилцааны бодит илрэл болж байна. Энэ хуралд дотоод гадаадын  250 гаруй эрдэмтэн, судлаач оролцож байгаа. ОХУ, БНСУ, БНВУ, БНТУ-аас зочин ирсэн. Монгол улсад суугаа ЭСЯ, олон улсын байгууллагын 20 гаруй төлөөлөгч оролцлоо. Энэ үйл явдал бол Монгол улс, тэр дундаа хууль сахиулах, хуулийн салбарын сургуулийн том сурталчилгаа болж байна. Энэ үүргээ саяын хурал үр дүнтэй гүйцэтгэлээ гэж бодож байна.

Хуралд оролцсон зарим орны төлөөлөгчтэй уулзаж сэтгэгдлийг сонслоо.

-БНСУ-ын Чангшинг их сургуулийн захирал, доктор Кан Жун Мук: Би Чангшинг их сургуулийн захирлаар 10 дахь жилдээ ажиллаж байна. Энэ удаагийн  эрдэм шинжилгээний хуралд гурван хүний бүрэлдэхүүнтэй оролцлоо. Энэхүү хурлын гол үр дүн бол их сургуулийн түүхэн жилүүдийн  үйл ажиллагаа, хэрэгжүүлж ирсэн чиглэл бодлогуудыг зөв дараалалд нь оруулж нийтэд танилцуулхаас гадна цаашдын төлөвлөгөө, хамтран хэрэгжүүлэх хөтөлбөрөө нийтэд танилцуулсан явдал байлаа. Монголын Дотоод хэргийн их сургуультай манай сургууль хамтран ажиллаад дөрвөн жил болж байна. Бид оюутан солилцоо, багш солилцоо, 2+2 хосолсон хөтөлбөрөөр суралцах гэсэн гурван төрлийн хөтөлбөрийн хүрээнд хамтран ажилладаг. “2+2” хосолсон хөтөлбөр нь  Дотоод хэргийн их сургуульд  эрх зүйн чиглэлийн  баклаврын диплом аваад Чангшинг их сургуульд цагдаагийн чиглэлээр магистр хамгаална. Тодруулбал дөрвөн жилийн хугацаанд хос дипломтой төгсөх  хөтөлбөрийг өнгөрсөн жилээс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн. Одоогийн байдлаар цагдаа болон онцгой байдлын 50-иад оюутан манай их сургуульд оюутан солилцоо хөтөлбөрөөр сурч байна. Хоёр багш доктрант зэрэг хамгаалж, нэг зочин багш ажиллаж байна. Бидний цаашдаа Солонгос оюутнуудыг Монголын их сургуульд богино болон урт хугацаанд сургах төлөвлөгөөтэй ажиллаж байна.


Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, доктор профессор, дэслэгч, генерал  Ш.Арвай: Эрдэм шинжилгээний хурал их үр өгөөжтэй ач холбогдолтой болж өндөрллөө. Их сургуулийн  85 жилийн түүхийн  алдаа эндэгдэл, гавъяа шагнал  дээр түшиглэн Монголын эрдэмтэн судлаачидаас гадна гадаадын  эрдэм шинжилгээний ажилчид, судлаачид  оролцож  туршилга солилцон ирээдүйн хөгжлийн чиг замаа тодорхойлсон өргөн хүрээний хурал болсон тул дэлхийн хэмжээний уулзалт боллоо гэж ойлгож байна. Гадаадын төлөөлөгч нар нэгэн зүйл дээр сайшаалтай хандаж байгаа нь бидний хөгжлийн ахиц дэвшил юм. Манай сургууль нь анх курсын хэмжээнд байгуулагдаж улмаар  тусгай дунд сургууль цаашлаад  их дээд сургууль болтлоо өргөжсөн. Тэмдэглүүштэй хэрэг бол сургуулийн хүрээнд онцгой хоёр үйл явдал тохиолдоод байгаа юм. Нэгдүгээрт, хүн төрөлхтний хөгжлийн хоёр дахь мянганд дэлхий дахин хоёр хуваагдахад Монгол улс тусгаар тогтнолоо олж авсан юм. Үүний эхэнд манай сургууль түүчээлж  байсан. Хоёрдугаарт, дэлхийн хүн төрөлхтний хөгжлийн гуравдугаар үе эхэлсэн байна. Манай сургууль түүхэн энэ солбилцлын үед асар богино буюу 7,8 жилийн хугацаанд өөрчлөгдөж нийгмийн янз янз үеийг туулан гарсан онцлогтой юм. Нийгмийн олон үзэгдлийг их сургууль мөн шинжлэх ухаангүйгээр даван туулах аргагүй юм. Олон улсын хэмжээний их сургууль болно гэдэг шинжлэх ухаан, практик үйл ажиллагааг хослуулан хөгжихийн нэр юм. Өнөөдрийн хурлаар манай их сургуулийн хөгжлийг маш сайхнаар  тодорхойлж гаргалаа. УИХ-ын гишүүн Ц. Нямдорж илгээлт захидлаар бидэнд хандаж эрдэм шинжилгээний ажлыг урдаа барин хөгжлийн замаа түргэсгэхийг уриалсан байсан. Ард түмнийхээ  оюуны хэрэгцээг хангаж өгөх түвшинд боловсролын чанараа сайжруулж ажиллах  зарчмын шаардлага тавьсаныг бид хүлээн авлаа.

Д.Отгонцагаан

Холбоотой мэдээ