Арвайхээрт 320 хүүхдийн суудалтай сургууль барьж байна

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2019-06-19 14:58:38

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр суманд 8 мянга орчим хүүхэд ерөнхий боловсролын дөрвөн сургуульд суралцаж, энэ хичээлийн жилийг төгсгөлөө. Сургуулиудын анги дүүргэлт хэтэрч, зарим сургууль 3 ээлжээр хичээллэж байгаа ба нэг ангид дунджаар 42 хүүхэд суралцдаг юм. Мөн хувийн сургуульд анги түрээслэх тохиолдол ч байна.

Тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр Мэргэд сургуулийн харьяанд 320 хүүхдийн суудалтай шинэ сургуулийн барилгыг 3 тэрбум төгрөгийн хөрөнгөөр эхлүүлж, 40 хувийн гүйцэтгэлтэй барьж байна. Мөн 928 хүүхдийн суудалтай шинэ сургуулийг барьж эхлээд 5 дахь жилийн босгон дээрээ ашиглалтад орсон ч кабинет тохижилт, боловсон хүчин, халаалтын болон бусад зардлын төсөв хөрөнгө шийдэгдээгүй аж.

Эдгээр барилгууд бүрэн ашиглалтад орсноор анги дүүргэлт хэвийн хэмжээнд очиж, хамран сургалт нэмэгдэнэ хэмээн үзэж байна.  

Холбоотой мэдээ