Завханы МАН-ын хорооны даргаар Д.Түвшинжаргалыг сонгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-06-14 12:12:28

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн МАН-ын 34-р бага хурал болж 24 сумын намын анхан шатны байгууллагаас сонгогдсон 192 төлөөлөгч оролцжээ. Энэхүү бага хурлаар аймгийн намын хорооны ажлын тайлан, санхүүгийн тайлан, хяналтын хорооны тайлан, зохион байгуулалтын асуудал хэлэлцэж, төлөөлөгчдийн олонхын саналаар Завхан аймгийн МАН-ын хорооны даргаар Дашпунцагийн Түвшинжаргалыг сонгож баталсан тухай Завхан аймгийн МАН-ын хэвлэлийн албанаас мэдээлэв.

Мөн аймгийн МАН-ын 34-р бага хурлаас байгуулсан МАН-ын хорооны анхдугаар хурал болж намын дүрмийн дагуу намын хорооны 139 гишүүний олонхын саналаар намын хорооны дэд даргаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Болор-Эрдэнэ сонгогдож, цаашид намын ажлыг удирдан чиглүүлэх тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг сонгож баталсан байна.

Дашрамд дуулгахад, Завхан аймгийн МАН-ын хорооны даргаар сонгогдсон Д.Түвшинжаргал нь багш, эдийн засагч мэргэжилтэй. Эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй. Их-Уул сумын дунд сургуульд математикийн багш, хичээлийн эрхлэгч, сургуулийн захирал, тус сумын Засаг даргаар ажиллаж байсан.

Завхан аймгийн ХХҮХ-ийн хэлтсийн дарга, Мэргэжлийн хяналтын 

газарт хэлтсийн дарга, “Алтай-Улиастай” ТӨХК-ийн Завхан салбарын менежер, Завхан аймгийн ЗДТГ-ын даргаар ажиллаж байсан. 2004-2012 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажилласан туршлагатай улс төрч юм байна. Харин МАН-ын хорооны дэд даргаар сонгогдсон Д.Болор-Эрдэнэ нь түүх-нийгмийн ухааны багш мэргэжилтэй. 1999 оноос хойш Улиастай сумын Ерөнхий боловсролын 4-р сургуульд багш, нийгмийн ажилтан, сургалтын менежер, сургуулийн захирлаар ажиллаж төрийн албанд 20 жил ажилласан. 2008, 2012 онд Улиастай сумын ИТХ-ын төлөөлөгч, 2016 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа туршлагатай улс төрч юм хэмээн Завхан аймгийн МАН-ын хорооны хэвлэлийн албанаас тус тус мэдээллээ.

Холбоотой мэдээ