Дотуур байрны шав тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-06-10 10:19:13

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Угтаалцайдам сумын ЕБС-ийн 100 хүүхдийн дотуур байрны шав тавих ёслол өнгөрсөн 7 хоногт боллоо. Улсын төсвийн 1 тэрбум 800 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа ажээ. 

Тус барилгын ажил 2019-2020 онд он дамжин хэрэгжихээр төлөвлөгдсөн байсан боловч “Тэнгэрийн долоон од” ХХК-тай гэрээ байгуулан энэ онд бүрэн дуусгаж ашиглалтад оруулахаар болжээ. 

Угтаалцайдам сумын хүүхдийн дотуур байр ашиглалтын шаардлага хангахгүй болсон учир хүүхдүүд зориулалтын бус байранд шилжин суурьшсан байгаа юм байна.

Тиймээс аймгийн Засаг дарга Ж.Батжаргал дотуур байрны барилгыг энэ ондоо багтаан өөрийн хөрөнгөөр барьж дуусган хүлээлгэж өгөх хүсэлтийг гүйцэтгэгч аж ахуйн нэгж болох “Тэнгэрийн долоон од” ХХК-д тавьсан байна.

Аймгаас боловсролын тогтвортой хөгжлийг хангах, сурагчдыг тав тухтай, тохилог орчинд сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэхэд анхааран ажиллаж байгаагийн нэг жишээ энэ юм. 

Төв аймгийн хэмжээнд ЕБС-ийн барилгыг шинээр барих, их засвар хийх, хүүхдийн дотуур байрыг шинэчлэн засварлах, шинээр барих ажлуудыг төлөвлөсөн байна.

Энэ хүрээнд  2019 онд аймгийн хэмжээнд  670 хүүхдийн 6 дотуур байр, 2200 хүүхдийн 4 сургууль, 550 хүүхдийн 5 цэцэрлэг 6 соёлын төв болон спортын заал, цогцолбор шинээр барьж эхлээд байгаа ажээ. Зуунмод сумын 640 хүүхдийн спортын төрөлжсөн сургууль, Батсүмбэр сумын 920 хүүхдийн сургуулийг он дамжин барих аж. 


Холбоотой мэдээ