Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн үйл ажиллагааг дэмжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2019-06-06 23:40:30

Увс /МОНЦАМЭ/. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас аймгийн Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн үйл ажиллагааг дэмжиж 30 сая төгрөгийн багаж, тоног төхөөрөмжийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Тодруулбал, майхан, зөөврийн компьютер, принтер, дэлгэц, зургийн аппарат, дрон, дуран, аяны хөнжил гудас, GPS, гэх мэт 19 нэр төрлийн тоног төхөөрөмжийг гардуулан өгчээ. Эдгээр зүйлсийг аймгийн МХГ-ын нэг өрөөг тохижуулан байршуулсан байна.

Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дэргэд энэ оны 3-р сард Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл байгуулсан. Энэхүү зөвлөл нь иргэдэд хүрээлэн байгаа орчны гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн ажлыг хийх бөгөөд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн даргаар ахлуулсан цагдаа, прокурор, МХГ, БОАЖГ зэрэг байгууллагын төлөөллөөс бүрдсэн байна.

Үүнээс гадна Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газраас Хилийн 0245-р ангид мотоцикл, дуран, GPS гэх мэт тоног төхөөрөмжийг гардуулан өгсөн юм.

Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар нь 2018 оноос эхлэн “Ирвэстэй нутгийн ирээдүй” төслийг Увс, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн ирвэс бүхий зургаан нутгийг хамруулан хэрэгжүүлж байна.

 

Холбоотой мэдээ