Өдөрт нэгдүгээр эгнээгээр зорчсон 3000-5000 зөрчил илрүүлдэг

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-06-05 17:19:17

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тээврийн цагдаагийн алба, Замын хөдөлгөөний удирдлагын төв хамтран нэвтрүүлсэн “E-Police” аппликейшн болон хяналтын камераар илрүүлсэн зөрчлийн талаар мэдээллээ.


Тус аппликейшныг ашиглан  замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нарын сахилга батыг дээшлүүлэхийн тулд иргэдийн оролцоотой замын хөдөлгөөний зөрчлийг өнгөрсөн оноос илрүүлж эхэлсэн билээ.

Одоогийн байдлаар, уг аппликейшнаар дамжуулан 7000 орчим иргэнээс мэдээлэл ирснээс нотлох баримттай эсэхийг нягталснаар 4000 зөрчлийг илрүүлэн торгожээ. Иргэд мэдээлэлдээ дүрмийн алдаа гаргасан обьектыг тодорхой дүрсэлсэн байхад л хангалттай. Жишээ нь, зогсоолын дүрэм зөрчсөн бол түр зогсох хориотой гэсэн тэмдгийг харуулсан байх шаардлагатай гэлээ.  

Өдөрт дунджаар камер болон “Е-police” аппликейшны шалгалтаар нэгдүгээр эгнээгээр зорчсон 3000-5000 зөрчил илрүүлдэг байна. 

Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, хошууч Б.Лхагважаргал, “Урсгал сөрөх болон зогсоолын дүрмийн зөрчил хамгийн олон ирж байна. Камерын хяналтгүй, цагдаагийн албан хаагч хяналт тавих боломжгүй, тэр дундаа орон сууцны дундах замд зөрчил их илэрдэг. Эдгээр болон бусад нөхцөлд илэрсэн зөрчлийг иргэд мэдээлэх боломжтой. “E-Police” аппликейшн бүх төрлийн ухаалаг утсаар ажиллах боломжтой болсон” гэв.

Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс 37 хяналтын камер гол уулзваруудад тавьсны үр дүнд, энэ он гарсаар 2700 орчим осол, саадыг илрүүлжээ. Нийт 150 уулзварт гэрлэн дохио байгаагаас 80 гэрлэн дохиог онлайнаар удирддаг байна. Мөн хяналтын камер нь замын хөдөлгөөний нөхцөл байдлыг л хянах зориулалттай, иргэдээс ирүүлдэг таксинд болон хулгайд эд зүйлсээ алдсан гэх гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэдгийг холбогдох албаны хүмүүс сануулж, замын хөдөлгөөндөө дүрмийн дагуу оролцохыг уриаллаа.


М.Батчимэг 

Гэрэл зургийг Н.Батбаяр



Холбоотой мэдээ