Монголын баруун нутгийг тогтвортой хөгжүүлэх төслийг Алтайн эрдэмтэд хэрэгжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
jargal@montsame.mn
2016-03-29 17:19:09

ГОРНО-АЛТАЙСК. /politsib/. “Монголын баруун нутгийг уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицуулах шинэлэг технологи болон бүс нутгийн тогтвортой хөгжил” үзэл баримтлалыг Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд танилцуулжээ.

Орос, Монголын эрдэмтдийн хамтран боловсруулсан үзэл баримтлалыг Алтайн техникийн их сургуулийн Их Алтай нэгдсэн судалгааны хүрээлэнгийн захирал Михиал Шишин, Москва хотын Эдийн засгийн дээд сургуулийн Байгалийн баялаг ашиглалтын эдийн засгийн нөөц болон байгалийн баялгийн нөөцийн төвийн захирал Георгий Сафонов нар танилцуулсан байна.

“Төсөл хэрэгжүүлэх бүсээр Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай аймгийг оруулаад Монголын баруун бүс нутгийг санамсаргүйгээр сонгоогүй. Эдгээр бүс нутаг нь уур амьсгалын өөрчлөлтөд маш ихээр өртөж байгаа. Усны нөөц багасч, малын тоо толгой өсч бэлчээрийн даац хэтэрсэн нь бэлчээрийн доройтолд хүргэж байгаа нь нийгэм-эдийн засгийн салбарт сөрөг нөлөө үзүүлж байна. Үүний сацуу, Алтайн техникийн их сургууль, Алтайн хөдөө аж ахуйн их сургууль, М.А. Лисавенкогийн нэрэмжит  Сибирийн цэцэрлэгийн аж ахуйн шинжлэх ухааны хүрээлэн болон Оросын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын Ус, экологийн асуудлын хүрээлэн чухам эдгээр бүс нутагтай үр өгөөжтэй харилцаа тогтоосныг онцлон тэмдэглэж болно. Энэ олон жилийн судалгааг харгалзсаны үндсэн дээр бүс нутгийг тогтвортой хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицуулах төслийг боловсруулсан” гэж Михаил Шишин ярьжээ.

Төсөл боловсруулагчдын үзэж буйгаар, орчин үеийн технологи болон шинэлэг шийдэл нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд дасан зохицох боломж олгож, үр дагаврыг нь бууруулан, бүс нутгийн эдийн засгийн тогтвортой, экологийн тэнцвэртэй хөгжлийг хангаж, ажилгүйдэл, хүн амын орлогын гол эх үүсвэр болох мал аж ахуйгаас хамааралтай байдал зэрэг нийгмийн тулгамдсан асуудлуудыг шийднэ.

Уг төсөлд эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт, бүс нутгийн уур амьсгалын онцлогийг хадгалахад, гол мөрөн, нуур цөөрөм тэжээгддэг мөсөн голууд хайлах үйл явцыг тогтоон барихад, цөлжилтөд хяналт тавихад болон бэлчээрийн доройтлоос урьдчилан сэргийлэхэд шинэ технологи ашиглахаар тусгажээ.

Уг төслийг хэрэгжүүлэх Орос-Монголын ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг удахгүй батлахаар төлөвлөж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Алтайн техникийн их сургуулийн эрдэмтэд оржээ. Монголын нийслэл Улаанбаатар хотод энэ оны 10 дугаар сард семинар зохион байгуулж, төслийн багийн бүрэлдэхүүнд үйл ажиллагааны тодорхой төлөвлөгөөг санал болгоно.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ