БНСУ-ын Инчон хотын эмч нар Орхон аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-05-29 13:55:19
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг дарга Д.Батлут БНСУ-ын Инчон хотын удирдлага болон эрүүл мэндийн салбарын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Инчон хотын удирдлагууд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ажилтнуудыг өөрийн хотод очвол эрүүл мэндийн үзлэг, оношилгоог нэн хөнгөлөлттэй үнээр үйлчлэх санал тавьсан юм. Үүний хариуд аймгийн Засаг дарга Д.Батлут хэлэхдээ,  тухайн хөнгөлөлтийг  БНСУ-ын Инчон хотод  эрүүл мэндийн үйлчилгээ авахаар зорьсон Эрдэнэт хотын иргэн бүрт үзүүлээч гэсний дагуу  хоёр тал хэлэлцэж шийдвэрлэхээр боллоо. 


Мөн “Эмч” дэд хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн онд Орхон аймгийн эмч, сувилагч нар БНСУ-д туршлага судлах, сургалт, хөтөлбөрт хамрагдах аяллыг зохион байгуулж санхүүжилтийг орон нутгаас гаргаж байсан  бол энэ удаа БНСУ-ын Инчон хоттой хамтран  санхүүжүүлтыг нь шийдвэрлэхээр болов. 


Тус улсын эрүүл мэндийн салбарын ажилтнууд БОЭТ-д энэ долоо хоногт ажиллаж үнэ төлбөргүй үзлэг хийхийн зэрэгцээ зүрхний эмгэгтэй хүүхдэд хагалгаа хийх юм. Үзлэгийн үеэр зүрх болон даралт ихсэх өвчтэй иргэдийн дийлэнх нь буруу хооллолт, стресс, архи, тамхины замбараагүй хэрэглээ, хөдөлгөөний дутагдлаас үүдэлтэй байгааг эмч нар онцолж байна. Мөн зарим хүүхэд зүрхний хагалгаанд орох цаг хугацаандаа ороогүйгээс болж өвчин нь хүндэрсэн байгааг ч хэлж байв. Иймд аливаа эмчилгээ, үзлэгийг цаг тухайд нь хийлгэж амьдралын хэв маягаа өөрчлөхийг зөвлөлөө.

Дээрх ажлыг аймгийн ЗДТГ,  БНСУ-ын Инчон хотын хамтын ажиллагааны хүрээнд хийж байгаа юм. 

Холбоотой мэдээ