Хүлэмжийн аж ахуй

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2019-05-20 15:46:29

Улс үнтэстний хооронд амьдралын хэв маяг, амь зуух арга нь өөр өөр байх юм. Түүнд амьдарч байгаа бүс нутаг, амьжиргааны эх үүсвэр  нь хүчтэй нөлөөлдөг гэж судлаачид үзэх юм билээ. Монголчуудын хувьд, бусдаас ялгарч байгаа гол онцлог нь нүүдлийн мал аж ахуй. Нүүдлийн мал аж ахуй оршин байгаа нөхцөл нь өргөн уудам нутаг, цөөн хүн ам, жилийн дөрвөн улирал гээд олон зүйлээс хамааралтай. Гэхдээ мал аж ахуй эрхлэх эрсдэлгүй зүйл үү гэвэл бас тийм биш л дээ. Цаг хүндэрсэн гантай зун, зудтай өвөл гээд эрсдэл маш өндөр байдаг. Уламжлалт мал аж ахуй амьжиргааны эх үүсвэр болдог тул түүнийгээ авч яваад байгаа хэрэг. Мал аж ахуй дээр суурилан  өнгөрсөн зуун (1959)-д атар газар эзэмшиж эхэлснээр үр тариа, төмс, хүнсний ногоог өргөн хүрээнд тариалах болсноор Монголын хөдөө аж ахуй хоёр тулгууртай болсон байдаг. Монгол орны газар нутагт  үүнээс (1959) өмнө огт газар тариалан эрхэлж байгаагүй гэсэн үг биш л дээ.  Үр тариа, нарийн ногоо тариалж амьжиргаандаа нэмэрлэх  хүмүүс үеийн үед байсан. Мөн манай орны нутаг дэвсгэрээс эртний аймгууд газар тариалан эрхэлж байсан ул мөр олдог юм гэнэ билээ. Олныг хамарсан өргөн хүрээнд газар тариалан эрхлэх болсон үеийг л өнгөрсөн зууны сүүлийн хагаст монголчууд эхлэсэн хэрэг. Тухайн үед бүх үр тариа, төмс хүнсний ногооны аж ахуй улсын мэдэлд байв.


Харин 1990 онд төрийн мэдэлд (нэгдэл) байсан мал, үр тариа, төмс, хүнсний ногооны аж ахуй (сангийн аж ахуй) хувьчлагдсанаар төвийн бүс (Төв. Сэлэнгэ, Булган)-ийн аймгуудад мал, газар тариалан хаяа дэрлэн байрших болсон. Энэ нь тариалан эрхэлдэг иргэдэд хүндрэл авч ирсэн гэж хэлдэг. Нэг үгээр хэлбэл, малаас тариа, ногоогоо хамгаалах нүсэр ажил ундарч гарч ирсэн юм билээ. Эндээс хамгаалалт (хүлэмжийн)-тай тариалан эрхлэх шаардлагатай болсон байна. Үр тарианы хувьд, хүлэмжид тариалах боломж багатай. Гэхдээ тариан талбайгаа тойруулж нүх ухах, тор татах  зэрэг олон янзын аргаар хамгаалалт хийх юм билээ. Энэ талаар төрөөс 2018 онд тариалангийн бүс нутгийг хилийн зэсийг тогтоосон. Энэ бүсэд нүүдлийн бус ферм ( мах, сүүний чиглэлээр мал өсгөх, үржүүлэх)- ийн аж ахуй эрхлэх бодлого баримтлах гэнэ. Энэ бол тариалан эрхлэлтийг төрөөс бодлогоор дэмжсэн нэг хэлбэр нь.


Харин  төмс, хүнсний ногоо, тэр дотроо нарийн ногоо (амтлах, үнэрлэх буюу навчит ургамал)-г хүлэмжид ургуулж байна. Гэхдээ манай улс нарийн ногооныхоо 95 хувийг импортолдог гэсэн албан бус мэдээлэл цацагдаад байгаа юм. Үнэхээр ч хүлэмж (хамгаалалттай тариалангийн үйлдвэрлэл)-ийн аж ахуйг одоогийн байдлаар 84,4 га-д иргэн, аж ахуйн нэгжүүд эрхэлдэг. Хүлэмжийн аж ахуйн  22 га нь өвлийнх, бусад нь зуных ажээ. Өвлийн хүлэмжийн аж ахуйн 22 га талбайгаас жилд нэг  мянга 855 тн нарийн ногоо хураан авдаг. Харин зуны 62,4 га талбайгаас дөрвөн мянга 823 тн ургац хураадаг аж. Бид нарийн ногооны ийм хэмжээний үйлдвэрлэл явуулахын зэрэгцээ есөн мянган тн нарийн ногоо импортолж байгаа гэнэ. Энэ бол ХХААХҮЯ-аас гаргасан мэдээ. Хүлэмжийн аж ахуйг 2020 он гэхэд,  20 га-гаар нэмэх буюу 104 га-д хүргэх ажээ. Хоёр жилийн дотор нэмэх нарийн ногооны 20 га-гийн хүлэмжийг өвлийнх байхаар тооцон, жилд хураан авах ургацын хэмжээг 6,5 тн-д хүргэх зорилт тавьжээ.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Амарсайхан БНХАУ-ын аж ахуй нэгжид хүлэмжийн аж ахуй эрхлэх 50 га газрын зөвшөөрөл олгохоор шийдвэр гаргасан гэдэг. Ийм шийдвэр гаргах болсны төлөө түүний талаар олон янзын урсгалтай мэдээлэл цацагдсан, тухайн (гуравдугаар сар) үед. Тэрбээр гаргасан шийдвэрээсээ буцаагүй. Хүлэмжийн аж ахуй эрхлэлтийн өнөөдрийн байдлаас харахад буцах ч шаардлагагүй. Бидний энэ төрлийн аж ахуй эрхлэх хэмжээ дэндүү бага, дээр нь нарийн ногооныхоо үнэмлэхүй хэсгийг импортолдог нөхцөлд ийм зориулалтаар 50 га газар эзэмших эрх гадныханд олгох нь зөв юм байна.


Монголд гадныхан аж ахуй эрхлэх явдлыг гадаадын хөрөнгө оруулалт гэж ойлгож болно. Импортоор авах нарийн ногоог хүлэмжид ургуулах л хэрэг юм шүү дээ. Хүлэмжийн аж ахуйд гадаадын хөрөнгө орохоос гадна, техник технологи орж ирнэ. Түүхийн туршид авч үзэхэд 84,4 га-д л хүлэмжийн аж ахуй бид эрхэлж байна. Энэ бол биднийг нарийн ногоо тарьж ургуулах туршлагагүйг харуулж байгаа баримт. Ийм нөхцөлд гадныханд 50 га-д хүлэмжийн аж ахуй  эрхлэхийг зөвшөөрөх нь  бидэнд  бусдаас “будаа идэх” үүд хаалга нээгдэх нэг сайхан боломж шүү. Энэ боломжийг яагаад ашиглаж болохгүй гэж...

Холбоотой мэдээ