Эрсдэл дундах энхрий үрс

Монголын мэдээ | Тойм
erdenebat@montsame.mn
2019-05-15 17:54:29

Хүн бүхэн хүүхэд байхдаа хурдан том болох тухай боддог байх. Харин том болоод хүүхэд насаа дурсах нь жам юм даа. Гэхдээ хүн бүхэн бага насаа гэгээнээр дурсдаг. Дурсдаг гэж өнгөрсөн цаг дээр дээрх өгүүлбэрийг дуусгасан нь бас учиртай. Хар бараан амьдрал туулсан хүүхэд том болоод бага насаа эргэн дурсахад хүндээр тусах нь тодорхой. Гэтэл улсын хэмжээнд эрсдэлд орж болзошгүй нөхцөлд  25 мянган хүүхэд  амьдарч байна гэж холбогдох байгууллага албан тушаалтнууд мэдэгддэг. Энэ тоо баримт бидний хойч үе, хайр халамжид өсөх учиртай, энхрий үрс  эрсдэл дунд амьдарч байгааг гэрчилнэ.


Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ийн дарга Ж.Бямбадорж “Нэг аймаг (нэрийг нь хэлээгүй)-т 8-9 настай охин дүүтэйгээ гэртээ байсан байна. Гэтэл нэг залуу охиныг ууланд авч очоод хүчиндээд нүүр амыг нь зүсэж авах юмгүй болгоод орхижээ. Охин өглөө нэг юм ухаан ороод гэртээ ирсэн. Гэмт хэрэгтэн ял аваад явсан нь үнэн. Гэвч  хүүхэд нутагтаа сургуульд сурах боломжгүй болсон. Ийм болохоор нийслэлд ирж сургуульд орсон байна. Гэтэл ангид нь охидын үзлэг гэж хийгээд багш нь орж ирээд нөгөө охиныг ангийнх нь хүүхдүүдийн  дэргэд “чи ямар хачин шаар вэ” гэж хэлсэн. Тэгээд  тэр хүүхэд сэтгэцийн өвчтэй болсон. Охидын үзлэг хамаагүй хийсэн эмч, мэдээллийг болгоомжгүй цацсан багш хоёроос болж нэг хүүхэд сэтгэцийн өвчтэй болсон жишээ (кейс) байна гэж ярилаа. Ийм эмгэнэлт явдлын гол оролцогч гэмт хэрэгтнээс гадна багш, эмч бүгд л насанд хүрсэн ухамсартай хүмүүс байна. Тэдний гаргасан алдаа залруулах аргагүй болжээ. Насанд хүрээгүй хүүхдүүдийн дундах гэмт хэргийн хамгийн их хор уршигтай, эмзэг нь охидыг хүчиндэх явдал бололтой. Ийм төрлийн гэмт хэргийн тоо сүүлийн жилүүдэд дараалан нэмэгдсэн гэнэ.


Тухайлбал 2015 онд  17  хүртэлх насны охидыг хүчиндсэн тоо 197 байжээ. Харин 2017 онд 343 болж өссөн гэнэ. Хүний ёсонд байж болохгүй, муу муухай зүйл гэрлийн хурдаар өсөж байгаагийн нотолгоо энэ биз. За тэгээд энэ талын үйлдэл ухамсарт хүн хийх байтугай цагаан цаасан дээр хараар бичихэд ой гутмаар зүйл. Тэр бүхнийг  бичиж “бузар” үйлдлээс хол байгаа хүүхэд, аав, ээжийг цочролд оруулах хэрэггүй болов уу. Гэхдээ энэ сэдвийг хэвлэл мэдээлэл хөндөхгүй орхиж болохгүй. Энэ байр сууринаас энэ талын мэдээлэл, тоо баримтын мөрөөр орлоо. Гэмт үйлдлийн тоо баримт ямар ч их юм бэ. Тэр бүгдийг энд дурдах шаардлагагүй биз ээ. Тэгээд ч өргөн дэлгэр нэг үйлдэл бүрээр нь бүрчлэн ярьж, бичих зүйл энэ биш гэж үзлээ. Охидыг тойрсон гэмт хэргийн талаар болгоомжгүй мэдээлэх нь ямар хор уршигтайг дээрх жишээнээс харж болно. Ийм мэдээллийг олон нийтэд цацах нь сэжиг таамаглалгүй байгаа зарим хүнд буруу сэдэл өгөх аюул араасаа дагуулж мэднэ.


Ер нь хүнд хэцүү амьдралыг дахин дахин сөхөөд ч яах юм билээ.  Энэ ойлголтын хүрээнд авч үзвэл  бага насандаа туулсан хүнд хэцүү амьдрал насан туршийнх нь дарамт болох магадлал өндөр байна. Олон тооны охид, хүүхэд эрсдэл дунд амьдарч байна гэж хэлж дуусаагүй байхад, хаана нэг газар, хэн нэг нь элэг эсгэж, зүрх зүсэм эрсдэлд орж гэмт хэргийн золиос ч болж байгаа ч юм бил үү. Үйлдэх нь байтугай бодоход аймаар...  Гэхдээ бусармаг зүйл бидний дунд байна. Эдгээрийг таслан зогсоох үүрэг хүлээсэн төрийн байгууллага албан тушаалтан байгаа. Тэдний талаар  зарим нэг тоо баримт сөхье.


Хүүхэд хамгааллын салбарт 2017 онд 6,2 тэрбум төгрөг улсын төсөвт суулгасан баталсан байна. Гэтэл хүүхдийн сайн сайхны төлөө зарцуулах ёстой мөнгө, хөрөнгийн 95 хувь нь байгууллагын тавилга, ажилтнуудын цалин, хангамжид зарцуулагдсан гэнэ. Бурхан минь үнэн л байгаа даа та минь. Хүүхдийн эсрэг гэмт хэргийн тоо өсөөд байгаагаас харвал энэ мэдээлэл  үнэн байх магадлал өндөр. Олон улсын байгууллагаас Монгол Улсын хүүхдүүдийг эрүүл, аюулгүй орчинд өсгөхөд 22 тэрбум төгрөг шаардлагатай. Түүний 50 хувь буюу 11 тэрбум төгрөгийг эхний ээлжинд зарцуулах ёстой гэсэн зөвлөмж байдаг юм байна. Харин 2019 оны улсын төсөвт хүүхэд хамгааллын салбарт найман тэрбум төгрөг баталжээ. Хүүхдийн төлөө төрийн байгууллагаас гадна, маш олон төрийн бус байгууллага (ТББ) янз бүрийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Гэвч тэр бүхнийг үр дүнгээ өгсөн гэж хэлэхэд эртдэх бололтой. Хүүхдийн эргэн тойрон дахь эрсдэл, гэмт хэрэг ихсээд байгаа өнөөгийн нөхцөлд тэднийг ажлаа сайн хийж байна гэж хэлэх үндэс алга. Хүүхдийн талаар маш олон хүн өндөр дуугаар ярьдаг. Харамсалтай нь үр дүн гарахгүй байна. Үр дүн гарахгүй байгааг энэ төрлийн гэмт хэрэг ихсээд байгаагаас харж болох биз ээ.  

Холбоотой мэдээ