Хамгийн өндөр түвшний хориг арга хэмжээ авахаа Кубад хатуу сануулжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-01 11:35:22

ВАШИНГТОН. /TASS/. Венесуэлийн Үндсэн хуулийн тогтолцоог нураахад чиглэсэн үйлдлээ зогсоохгүй бол хамгийн өндөр түвшний хориг арга хэмжээ авч, бүх талын хориг тавина гэдгээ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Куба улсын эрх баригчдад хатуу сануулжээ. Энэ тухай тэрбээр “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.


“Кубын цэргүүд цэргийн болон бусад ажиллагаагаа даруй зогсоохгүй бол тус улсын эсрэг хамгийн өндөр түвшний хориг арга хэмжээ авахын зэрэгцээ бүрэн бөгөөд бүх талын хориг тавих болно. Кубын бүх цэргийн албан хаагч арал руугаа даруй буцна гэж найдаж байна” хэмээн тэрбээр тэмдэглэсэн байна.


Хэсэг бүлэг цэрэг Сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдогийн талд орсон талаарх мэдэгдлийн дараа Венесуэлийн нийслэл Каракас хот болон бусад хотод Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал цуглаан болсон юм. Хотын эрүүл мэндийн газрын дарга Чакао Махия Сантигийн мэдэгдсэнээр, жагсаал цуглаан дагуулсан сөргөлдөөний үеэр 50 хүн бэртсэн байна.


Венесуэлийн “засгийн эрхийг булаан авсныг эцэс болгохын тулд” жагсахыг цэргийнхэнд уриалсан дүрс бичлэгийг Гуайдо мягмар гарагт “Twitter” хуудсандаа нийтэлсэн юм. Түүний хэлснээр, дүрс бичлэгийг Каракас хот дахь Франсиско Мирандагийн нэрэмжит нисэх хүчний баазын нутаг дэвсгэрт авсан байна.

Холбоотой мэдээ