А.Тилейхан: Майхан толгойн усан цахилгаан станцын барилгын ажлыг ирэх оноос эхлүүлэх боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-04-08 12:28:59

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын нутаг дэвсгэрт орших Хар нуурт түшиглэн усан цахилгаан станц барих ажлыг Германы "Евро-Хаан" компаниар гүйцэтгүүлэх шийдвэр урьдчилсан байдлаар гарсан байна. Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тилейхан өнгөрсөн долоо хоногт уг асуудлаар Баян-Өлгий аймагт ажилласан юм. Энэ үеэр түүнтэй уулзаж зарим зүйлийг тодрууллаа.    


-Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт орших Хар нуурыг түшиглэн усан цахилгаан станц барих асуудал дахин яригдаж эхэлсэн байна. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?


-Майхан толгойн усан цахилгаан станцын төслийн судалгааны ажлуудыг 1992 оноос хийж эхэлсэн. Анх техникийн ухааны доктор, Монгол Улсын зөвлөх инженер М.Дагвадорж тэргүүтэй олон хүн судалж, Хар нуурыг ашиглаж усан цахилгаан станц барьж болох юм байна гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Төсөл нь 1995 оноос эхлэн бичигдэж явсан түүхтэй. Үндсэндээ 27 жилийн судалгааны ажил. Энгийн үгээр хэлэхэд тус аймгийн Цэнгэл сумын нутагт орших Хар нуур нь 50 метрийн гүнтэй, 360-аад сая шоо метр ус нөөцлөгдсөн байгалийн бэлэн усан сан юм. 2000 онд "Эрэл"-ийн Б.Эрдэнэбат гэдэг хүн усан цахилгаан станц барина гэхэд улс төрийн шоу байх гэж итгээгүй. Яагаад итгээгүй вэ гэхэд, Хар нуурт цутгаж байгаа ус байхгүй учраас станц барилаа гэхэд ус нь дуусчихдаг. Байнгын тэжээл байхгүй гэж эргэлзэж дэмждэггүй байсан. Тэгээд энэ оны эхээр усны чиглэлийн эрдэмтэдтэй уулзахад боломжийн байна гэдэг ойлголт төрсөн. Хар нуурын зүүн урд талд байгаа Харгантын гол, Арцатын голуудын тодорхой хэмжээний усыг суваг татах замаар дээрх нуурыг тэжээдэг болгож хувиргаж болдог юм байна. Тэгээд нөгөө талаар Хар нуур өөрөө УСЦ-ын далангийн үүрэг гүйцэтгэнэ. Нуурын 50 метр гүний дээд талаасаа 10 метр газрыг баруун тийшээ цоолоод Хотон гол руу хоолой татах замаар усан цахилгаан станц барьж болно. Өөрөөр хэлбэл, Хар нуураас доошоо Хотон гол хүртэл 418 метрийн зөрүү буюу напор үүснэ. Энэ нь 41,8 атмосферийн даралт юм. Хар нуурыг сэтлэх замаар 500 метрийн суваг бий болгож, усыг цаашаагаа 3,5 километр хоолойгоор Хотон голын эрэг хүртэл аваачна. Тэгээд яг голын эрэг дээр 24х12 метрийн байшин босгож, дотор нь станцаа барина гэсэн үг. Гарсан ус нь Хотон голоор дамжаад Ховд гол руу цутгах юм.


-Тухайн усан цахилгааны станцын хүчин чадал нь хэр байх бол?


-2012 онд Эрчим хүчний яамны Шинжлэх ухааны зөвлөлийн хурлаар тус усан цахилгаан станцын ТЭЗҮ-ийг анхны судалгааны ажлуудыг үндэслэн баталсан байна. Үүнд болохоор Хятадад үйлдвэрлэгдсэн тус бүр 6 МВт-ын хүчин чадалтай хоёр трубин тавина, нийтдээ 12 МВт-ын хүчин чадалтай байна гэж тооцжээ. Харин сүүлдээ олон улсын түвшинд дахиж судалгаа хийж, тус бүр 9 МВт-ын хүчин чадалтай Австрийн трубин тавьж болно гэж тооцоолжээ. Австри Улсын хувьд усан цахилгаан станцын технологиор дэлхийд нэгдүгээрт ордог орон. Ерөнхийдөө 12-18 МВт-ын чадал гаргах боломжтой.


-Энэ хүчин чадлаар хэчнээн айл өрхийг эрчим хүчээр хангах боломжтой вэ?


-Баян-Өлгий аймгийн эрчим хүчний нийт хэрэглээ 8 МВт л байгаа. Майхан толгойгоос Өлгий хүртэл 97 км газарт 110 КВт-ын шугам татна. Тэгээд баруун бүсийн эрчим хүчний системтэй нийлүүлнэ гэсэн үг л дээ. Илүү гарсан эрчим хүч Ховд, Увс аймаг руу гарна. Өнөөдөр манай баруун гурван аймаг ОХУ-аас 30 МВт-ын чадал авч байгаа шүү дээ. Импортыг орлоно гэдэг утгаараа чухал ач холбогдолтой.


-Майхан толгойн усан сахилгаан станц төсөл нь эдийн засгийн үр ашгийн хувьд ямар байх вэ?


-2012 онд баталсан ТЭЗҮ-ээр Майхан толгойн усан цахилгаан станцаас гарах 1 КВт цахилгааны үнэ 5,5 цент гэж тогтоосон байдаг. Энэ бол Монгол Улсад баригдаж байгаа усан цахилгаан станцуудын дундаас хамгийн хямд нь. Жишээлбэл, Багануурын цахилгаан станц 6,4 цент, Таван толгойн цахилгаан станц 7 цент, нарны цахилгаан станцынх 15 цент, салхины цахилгаан станцынх 9,5 цент байдаг.


-Санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ?


-Төслийн нийт өртөг 17,5 сая америк доллар. Өнөөдөр олон улсад эрчим хүчний салбарт хөрөнгө оруулдаг 60 гаруй хөрөнгө оруулагч байдаг. Бид Дорноговь аймгийн Сайншандад саяхан 55 МВт-ын салхин цахилгаан станц барьсан “Евро-Хаан” гэдэг Германы компанийг сонгож авсан. Компанийн захирал Др.Оливер Шнорр тэргүүтэй холбогдох хүмүүсийг нь дагуулж ирж сая газар дээр нь нөхцөл байдалтай танилцууллаа. Аймгийн удирдлага, Цэнгэл, Улаанхус сумын удирдлагатай уулзаж ярилцсан. Бүх талаар дэмжиж байгаагаа илэрхийлж байна.  Дээрх компанийн хувьд төслийг хэрэгжүүлэх боломжтой гэсэн дүгнэлтийг урьдчилсан байдлаар гаргасан байна. Тэд одоо 21 хоногийн хугацаанд техникийн болон хөрөнгө оруулалтын бүх тооцоо, судалгаагаа олон улсын түвшинд хийж эцэслэнэ. Бидний зүгээс усан цахилгаан станцыг Германы орчин үеийн технологиор бариулах бодолтой байгаа.  


-Майхан толгойн усан цахилгаан станцын төслийг Засгийн газраас дэмжиж байгаа юу?


-Миний бие наашаа гарахаасаа өмнө уг асуудлыг Засгийн газарт танилцуулсан байгаа. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн энэ төслийг дэмжиж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Одоо тусгай зөвшөөрөл олгож, үнэ тарифыг нь батлах ёстой. Мөн худалдах, худалдан авах гэрээ хийнэ. Энэ гурван төрлийн ажлыг манай Эрчим хүчний зохицуулах хороо шийдвэрлэх хуультай. Эдгээр ажлыг хуулийн хүрээнд хийсний дараа олон улсад танилцуулж хөрөнгө оруулалт босгоно.


-Урьдчилсан тооцоогоор станцын барилгын ажлыг хэзээ эхлүүлэх боломжтой вэ?


-"Евро-Хаан" компани урьд нь ийм ажлуудыг хийж байсан туршлагатай учраас хөрөнгө босгоход нэг их хүндрэл гарахгүй байх гэж үзэж байна. Энэ ондоо багтааж хөрөнгө оруулалтаа босгож чадах байх. Тэгээд 2020 оны хавраас барилгын ажлаа эхлүүлэх бүрэн боломжтой. Чадвал бүх зураг төслөө бэлэн болгоод энэ намраас зарим газар шорооны ажлуудаа эхлүүлэх боломж бүрдэх болов уу. Тус усан цахилгаан станцыг барихад удаан хугацаа шаардлагагүй. Усан сан нь бэлэн учраас ус татаж оруулж ирэх нь тийм ч хүнд асуудал биш. Үндсэндээ хоёр жилд багтаагаад ашиглалтад өгөх боломж харагдаж байна.


-Усан цахилгаан станцыг барилаа гэхэд хэр удаан хугацаанд ашиглах боломжтой вэ?


-Усан цахилгаан станцыг 100 жил, хамгийн багадаа 60 жил ашиглана.


-2016 онд тус аймгийн Ногооннуур, Бугат сумын зааг дээрх Тавилтайн хавцал хэмээх газарт Ховд гол дээр усан цахилгаан станц барих асуудал хөндөгдөж, Засгийн газраас концессын гэрээгээр гүйцэтгүүлэх шийдвэр хүртэл гарч байсан. Энэ ажил юу болсон вэ?


-Баян-Өлгий аймагт нүүрс байхгүй учраас байгаа боломжоо ашиглах үүднээс Турк улсын мэргэжлийн хүмүүсийг авч ирэн судалгаа хийлгэсэн. Бүх юм нь бэлэн болсон. Тус газарт 92 МВт-ын усан цахилгаан станц барина, үүнд 250 сая ам.долларын хөрөнгө шаардлагатай гэсэн тооцоо гарсан байлаа. Тусгай зөвшөөрлийг гаргаж, үнэ тарифыг нь баталж өгсөн. Худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Төсөл нь бэлэн байна. Одоо ганцхан компани ирж барих л асуудал үлдээд байгаа. Төрд сууж байгаа хүмүүс араас нь орж бүтээх ёстой. Гэхдээ түүнээс өмнө хамгийн бага өртгөөр хэрэгжүүлэх төсөл бол Майхан толгой гэж үзэж байна.


-Одоо  Баян-Өлгий аймагт хоёр, Ховд аймгийн Эрдэнэбүрэнд бас нэг усан цахилгаан станц барих асуудал яригдаж байна. Дөргөний станц ажиллаж байна. Энэ олон төсөл нэгэн зэрэг хэрэгжих боломжтой юу?


-Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд БНХАУ-ын зээлээр 64 МВт-ын усан цахилгаан станц барих ажил явж байна. Ер нь Ховд гол дээр 300 МВт-ын хүчин чадал бүхий станцууд барих боломжтой гэсэн урьдчилсан судалгааг Туркийн эрдэмтэд гаргасан байдаг. Тавилтай болон Эрдэнэбүрэнд барих станцуудын хүчин чадал 150 МВт гэхэд цаана нь дахиад тийм хэмжээний усан цахилгаан станц барих боломжтой. Өнөөдөр манай баруун аймгуудын хэрэглээ 30 МВт байгаа. Цаашид манай улс эрчим хүчний нэгдсэн сүлжээтэй болно. Өөрөөр хэлбэл, Баян-Өлгийд үйлдвэрлэсэн цахилгаан Дорнод аймагт очно гэсэн үг. Ховд аймгийн Дөргөний усан цахилгаан станцыг Завханы Улиастай хүртэл 380 км газраар 220 КВт-ын шугамаар холбох ёстой. Үүнд 71 сая доллар шаардлагатай бөгөөд энэ ажил хэрэгжвэл баруун аймгуудад гаргасан бүх цахилгаан төв рүү очих боломж бүрдэнэ. Тийм учраас энэ цахилгаан станцыг түрүүлж барилаа гэх мэт хардлага сэрдлэг хэрэггүй. Манай улсад хэдэн станц барьсан ч илүүдэхгүй.


-Мэдээлэл өгсөнд баярлалаа!

Холбоотой мэдээ