Сармисны хандыг хүүхдүүдийнхээ хамарт түрхсэнээр ханиад томуу хүрэх нь эрс багасчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-04-11 16:22:36

Хэнтий /МОНЦАМЭ/ Бор-Өндөр сумын Нархан хоёрдугаар цэцэрлэг сармисны хандыг хүүхдүүдийнхээ хамарт байнга түрхсэнээр ханиад томуу гарах нь эрс багасчээ.

Энэ талаар тус цэцэрлэгийн үйл ажиллагаатай аймгийн засаг даргын орлогч танилцах үеэр багш нар нь ярьж байлаа. Нархан хоёрдугаар цэцэрлэгийн хувьд дэргэдээ яслийн бүлэг ажиллуулдгаараа онцлогтой. Мөн 2020 он хүртэл хөгжих төлөвлөгөө макетын дагуу тохижилт үйлчилгээгээ хийж, тогтвортойгоор хөгжиж байна. 

Хэнтий аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжав өнөөдөр Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлэг, нэг, хоёрдугаар цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсан юм. Дээрх цэцэрлэгүүдийн хувьд байр талбай хангалттай, мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагджээ. Мөн хүүхдүүдийн сурч боловсрох, тоглож наадах тохилог орчныг бүрдүүлсэн аж. Тухайлбал Энхжин нэгдүгээр цэцэрлэгийн хувьд хүүхдүүдийг багаас нь шатрын спортоор хичээллүүлж, оюуныг нь хөгжүүлдэг бөгөөд хүүхдүүд нь улс аймгийн тэмцээнээс алт мөнгөн медаль хүртсээр байна.

Харин нэгдсэн эмнэлэг нь 1981 онд байгуулагдсан. Одоогоор хөдөөгийн нэгдсэн эмнэлгийн статустай 56 орон тоотой ажилладаг. Ойролцоо сумдын 20 орчим мянган хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг тул ачаалал ихтэй ч тоног төхөөрөмж хангалтгүй байдаг гэнэ. Мэс заслын эмч, сувилагч дутагдалтай байгаагаа аймгийн орлогч даргад танилцууллаа.

Холбоотой мэдээ