Улсын хэмжээнд 2.4 сая төл бойжиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-03-25 15:48:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮЯ-наас мэдээлж буйгаар гуравдугаар сарын 22 -ны байдлаар улсын хэмжээнд 29.5 сая эх малын 2.5 сая нь төллөж 2.4 сая төл бойжиж байна.

Том мал 231.9 мянгаар хорогджээ. Энэ нь оны эхний нийт малын 0.3 хувийг эзэлж байна.

Өмнөх долоо хоногтой харьцуулахад төвийн нутагт цас их оржээ. Одоогоор Увс, Завхан, Архангай, Өвөрхангай, Дундговийн ихэнх нутаг, Хөвсгөл, Дорноговийн баруун, Булганы өмнөд, Говь-Алтай, Өмнөговийн хойд хэсэг, Төвийн зарим газар, Баянхонгор, Сүхбаатарын зүүн хэсгээр 1-20 см зузаан цастай байна. Хамгийн зузаан нь Увсын Зүүнговьд 20 см, Хяргаст 19, Баруунтуруунд 18 см, Завханы Ярууд 13 см, Увсын Малчин, Завханы Баянхайрхан, Тэсд 11 см байна.


Гуравдугаар сарын 23-27-ны цаг агаарын урьдчилсан мэдээгээр, өнөө маргааш нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, хүйтэн салхи, шуургатай байна. 25-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.


Салхи ихэнх хугацаанд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 23-наас ихэнх нутгаар дулаарч Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 0-5 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 15-20 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. 25-нд нутгийн зүүн хагаст, 26-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтрэх нь. 

Холбоотой мэдээ