М.Эрхэмбаатар: Шинкиокушинкай карате хүүхдэд бие бялдрын болоод ёс суртахууны өндөр хүмүүжлийг олгодог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-03-18 21:56:17

Хэнтий /МОНЦАМЭ/. Бие бялдар, оюун ухааны төгс зохицол бүхий Шинкиокушинкай каратегийн спорт нь дэлхийн 268 оронд үйл ажиллагаа нь түгжээ. Тун удахгүй олимпийн төрөлд багтах гэж байгаа энэхүү их спортыг монгол хүний дайчин чанартай уялдуулан Хан Хэнтий нутагтаа хөгжүүлж яваа “Эрдэнэ Дожо” клубын үүсгэн байгуулагч, Цагдаагийн ахлах дэслэгч М.Эрхэмбаатартай ярилцлаа. 


-Таны хувьд энэхүү тулааны спортыг хэзээнээс сонирхох болсон бэ? Хүүгээ дасгалжуулдагийг бодвол багагүй замыг  туулсан боловуу гэж харагдаж байна?

-Миний ажил мэргэжилтэй холбоотой спорт. Бүх хууль хүчний байгууллагад албаны бэлтгэл хийгддэг болохоор энэ спортыг давуу талаа болгож, олон хүнд зааж сургахыг хичээж ирсэн.

-     -“Эрдэнэ дожо” клуб хэзээ байгуулагдсан бэ? Ер нь анх дэвжээ байгуулах санаа хэрхэн төрж байв?

Монголын Шинкиокушинкай каратегийн холбооны ерөнхийлөгч Б.Гомбогэрэл анх 2006 онд надад дэвжээ байгуулах санал тавьж байсан юм. Тухайн үед би том хүүгээ хувиараа бэлтгээд 2015 онд DREAM CUP хүүхдийн тэмцээнд анх оруулж байхад 9-11 насны төрөлд найман настай, цагаан бүстэй очоод цэнхэр бүсээ хамгаалаад мөнгөн медаль хүртэж байлаа. Энэ мэтчилэн бид тасралтгүй бэлтгэл сургуулилт хийж уралдаан тэмцээнд оролцож байгаад өнгөрсөн оны 11 дүгээр сарын 1-нээс “Эрдэнэ Дожо” клубээ албан ёсоор байгуулаад байна. Манай клуб одоогоор бэлтгэл хийдэг 20 гаруй тамирчинтай. Манай клубын туслах дасгалжуулагчаар Галшар сумын харъяат Хатанбаатарын Сандагсүрэн гэж 21 настай бүсгүй ажилладаг. Каратэгийн улсын гурван удаагийн аварга, бор бүстэй.

-     -Энэ спортын онцлог нь юу юм бэ?

-Энэ спортоор хичээллэснээр бие бялдрын болоод ёс суртахууны өндөр хүмүүжлийг авдаг. Тухайн хүний наснаас үл хамаараад өөрөөсөө том бүстэй хэнд ч хүндэтгэлтэй хандаж ёсолдог уламжлалтай. Ер нь л бие бялдар, оюун ухааны төгс урлаг гэж үздэг.

-    - Хамгийн багадаа хэдэн настай хүүхэд явж эхэлбэл тохиромжтой байдаг вэ?

-Зургаан настай хүүхдийг явуулахаар дөнгөж сургуульд орж хичээл үзэж эхэлж байгаа үед гэрийн даалгавраа хийх, бэлтгэл хангах тал дээр зэрэг зэрэг ачаалал нэмэгдэж ядрах гээд байдаг юм. Тиймээс бид долоон настай хүүхдийг клубтээ элсүүлж байна.  

-     -Танай хүүхдүүд хэдэн жил хичээллэж байна? Одоо ямар ямар бүстэй вэ?

-Манай том хүү одоо 10 настай, гурван жил хичээллэж байгаа. Ногоон бүстэй, Кю дөрөв буюу Гохай ахлах суралцагч зэрэгтэй. Монголд ногоон бүстэй таван хүүхэд байдаг. Тэдний нэг нь миний хүү Э.Анар-Эрдэнэ. Цаашлаад хар бүсэнд бэлдэж байгаа гэдэг утгаар мастер ката хийж сурч эхэлж байна гэсэн үг л дээ. Хамгийн анхных нь янцу гэдэг мастер ката сураад тэрнийхээ дагуу шалгалт өгдаг. Хэрэв тэнцэхгүй бол бүсээ хамгаалж чадахгүй гэсэн үг. Гар дээр сунайх, гэдэс таталт, суулт, босолт, гүйлт, дээсэнд үсрэх гэх мэтчилэн маш олон шалгуурыг давж байж бүсээ хамгаалдаг. Миний дунд хүү Э.Хаш-Эрдэнэ 2018 оны есдүгээр сарын 1-нээс хичээллэж эхэлсэн. Одоо Кю ес буюу улбар шар бүстэй. Энэ нь цагаан бүсний дээд талын зэрэг. Энэ бүсээ өнгөрсөн онд хамгаалж Шинкиокушинкай каратегийн гэр бүлд багтаж тамирчин болох эхлэлээ тавьж байна. Гаргасан амжилтын тухайд миний хүү Э.Анар-Эрдэнэ одоогоор улсын аваргаас хоёр удаа алт, нэг удаа хүрэл, DREAM CUP-ын гурван удаагийн мөнгөн медальтайгаас гадна Монгол Улсын өсвөрийн шигшээ багийн тамирчин. Миний хоёр дахь хүү анх 2018 оны DREAM CUP-д орж дөрөвдүгээр байрт орохдоо шилдэг техниктэй дайчин тоглогчийн шагнал хүртсэн. Сая 2019 оны улсын аваргаас мөн дөрөвдүгээр байрын шагнал хүртээд байна.

-     -Бүсний шат дарааллыг тайлбарлаж өгөөч?

-Цагаан бүсээс хар бүс хүртэл 10 бүс байдаг. Хар бүс дотроо дахиад 10 зэрэгтэй байдаг. Дэлхий дээр хамгийн дээд түвшинд хүрсэн хүн бол Япон улсын иргэн, каратэг үндэслэсэн Ояама гэж хүн байсан. Энэ хүнийг өөд болсны дараа Шинкиокушинкай клубын дэлхийн холбооны ерөнхийлөгч, Шинкиокушинкай каратегийн амьд домог Кенжи Митори одоогоор дэлхийн хамгийн техниктэй хүн гэдгээр тодроод байгаа. Хар бүс найман дантай. Бүсний төрлүүдийг нэрлэвэл цагаан, улбар шар, цэнхэр, ногоон, бор, хар гээд шат дараалалтай явагдах бөгөөд бүс бүрээ хамгаалах байдлаар дараагийн бүс рүү дэвшдэг.

-     -Хамгийн чансаа өндөртэй тэмцээн нь хаана болдог вэ?

-Улсын аваргын тэмцээн байдаг. Сая гэхэд 30 багц медалийн төлөө 93 тамирчин өрсөлдлөө. Манай аймгаас 14 тамирчин явсан. Үүнээс манай дөрвөн тамирчин медаль, нэг тамирчин тусгай байрын шагнал хүртсэн. Манай туслах дасгалжуулагч Х.Сандагсүрэн насанд хүрэгчдийн -55 кг-ийн жинд эмэгтэйчүүдийн төрөлд алтан медаль хүртэж, Малайзад 2019 оны есдүгээр сард болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авсан. Энэ тэмцээнд 7-8 нас, түүнээс дээш насанд хүрэгчид гээд бүгд оролцдог.

-     -Хүүхдүүдийнхээ ирээдүйг хэрхэн төсөөлж байна?

-Гэгээлгээр төсөөлж байна. Ямар ч байсан миний хувьд тамирчин болгохгүй гэдэг зорилготой.

-     - Яагаад?

-Спорт гэдэг бол хүнд хүмүүжил өгдөг. Хүмүүжлээрээ давхар амжилтаа гаргаад явж болно. Гэхдээ тамирчин болно гэдэг бол Монголын өнөөгийн нийгэмд бол асар их өндөр шалгуур тавьж байдаг. Санхүүгийн болоод бие бялдрын, бэлтгэлийн гэх мэт асуудлууд зөндөө бий. Гэвч би хүүхдүүдийнхээ хүсэл сонирхлыг нь хязгаарлах эрх байхгүй. Гэхдээ эхлээд хичээл сургуульдаа амжилт гаргаж байж дараа нь спортыг сонгоно гэдэг зарчмыг баримтална. Үүнийг би гэртээ ч клубтээ ч мөрдүүлдэг. Ийм шаардлагыг тэргүүнд тавьж сурагчдынхаа эцэг, эх, багш нартай нь холбоотой ажилладаг. Хэрэв хүүхэд аль нэг талаа илүү анхаараад эхлэхээр нөгөө тал нь муу үр дагавар дагуулж эхлэдэг. Ёс суртахууны доголдол бий болоод ирэх юм бол Шинккиокушинкай каратегийн үндсэн зарчим алдагдаж байна гэсэн утгатай юм даа.

-  -Таны ярианаас сонсоход их л зарчимч, шаардлага өндөртэй, хүүхдүүдээ нэгэн бодлын чанга хатуу гараар хүмүүжүүлээд байгаа ч юм шиг санагдлаа. Танд тэгэж бодогдож байсан уу? Та гэртээ сайн аав нь байж чаддаг уу?

-Гэртээ бол энгийн л байдаг. Тэгэхгүй бол байнга дэглээд байвал хүүхэд стресстэж эхэлнэ шүү дээ. Бэлтгэлийн хувьд асар өндөр бэлтгэл хийж байж ийм амжилт үзүүлж байгаа. Долоо хоногт гурван удаа хичээллэхдээ хоёр цагийн бэлтгэл хийлгэдэг. Хүү хүүхдүүд гэдэг утгаар яалтчгүй өөрсдөө энэ спортод дурладаг л юм байна лээ. Ах нь медаль аваад ирэнгүүт дүүгийнх нь хүсэл зориг бадамлах жишээтэй.

-    - Ойрын хугацаанд төлөвлөсөн ажил юу байна?

-Одоогийн байдлаар зургаан аймагт клуб нээгдээд үйл ажиллагаагаа явуулж байна. Хамгийн эхэнд Баян-Өлгий аймагт “Тарлан” клуб, дараа нь манай аймгийн “Эрдэнэ дожо” клуб нээгдсэн. Миний хувьд одоо Хэнтий аймагтаа Шинкиокушинкай каратегийн холбоог байгуулах ажлын эхлэлээ тавиад явж байна. Цаашдаа Дорнод, Сүхбаатар аймагт салбар нээхээр төлөвлөөд байгаа.

 -Баярлалаа. Танд амжилт хүсье.


 


Холбоотой мэдээ