Өсвөр насны охидууд тулгамдаж буй асуудлаа хэлэлцэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-03-17 21:21:16
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Өсвөр насны охидод нөхөн үржихүйн боловсрол дутмаг, шилжилтийн насны онцлогтой холбоотойгоор үүссэн сэтгэл зүйн хямрал, гэр бүлийн далд хүчирхийлэл, цахим орчин болон үе тэнгийхний дарамт зэрэг олон асуудал тулгамдаж байна.

Мөн жирэмслэлт, бэлгийн замын халдварт өвчин, тамхидалт, үр хөндөлт анхаарал татаж байна гэж “Охид -Гэрэлт ирээдүй” зөвлөгөөний үеэр дөрөвдүгээр сургуулийн охидууд хэллээ. Тус сургуульд хоёр жилийн өмнө “Бяцхан хатад” клуб байгуулагдаж анхны зөвлөгөөнөө 150 охидын дунд зохион байгууллаа. Зөвлөгөөнд Цагдаагийн газрын Хүүхдийн тасгийн байцаагч, БОЭТ-ийн Охидын эмч, эцэг, эхийн төлөөлөл, багийн Засаг дарга нар оролцлоо.

Охидын эмч Ц.Хулан хэлэхдээ, “Охидууд бэлгийн замын халдварт өвчин, жирэмслэлтээс хамгаалах арга, үр хөндөлтийн хор уршгийг сайн мэддэг ч түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зөв хэрэгжүүлдэггүй нь сул тал болж байна” гэлээ.

“Бяцхан хатад” клуб нь 20 гишүүнтэй бөгөөд охидуудыг багаар нь ажиллуулах, манлайлагч охидуудаар дамжуулан нөлөөллийн ажил зохион байгуулдаг аж. Дашрамд дурдахад, энэ сарын 21-нд Орхон аймагт анх удаа охидын чуулган болно. Үүнийг угтаж дээрх зөвлөгөөнийг хийж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ