Хэвлэл мэдээллийн салбарынхан цусаа хандивлав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-03-06 18:05:24

Дархан-Уул /МОНЦМЭ/.Монгол Улсад Сэтгүүл зүйн салбар үүсч хөгжсөний 106 жилийн ойн өдрийг тохиолдуулан МСНЭ-ийн Дархан-Уул аймгийн салбар зөвлөлөөс сайн дураараа цусаа хандивлах аянд нэгдлээ.

Нэг хүн 350 мл цус өгсөнөөр гурван хүний эрдэнэт амийг авардаг гэдэг. Дарханы сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд хүний амь аврахад хувь нэмрээ оруулахаар ойн баярын өдрөөрөө сайн дураараа цусаа хандивлах аяныг уламжлал болгон сүүлийн 5 жил тасралтгүй зохион байгуулж байгаа юм.

Түүнээс гадна хэвлэл мэдээллийн найман ажилтан тогтмол цусаа өгч донор болоод байгаа бөгөөд Нэгдсэн эмнэлгийн Б.Батсүрэн эрхлэгчтэй Цусны төвтэй хамтран ажиллаж иргэдийнхээ ирээдүйн амьдралд нь баяр баяслыг ийнхүү нэмдэг аж.

Мөн ойн баярын хүрээнд МСНЭ-ийн Дархан-Уул аймгийн салбар зөвлөлөөс тодорхой ажлыг санаачлан хийж, хэрэгжүүллээ. Тодруулбал, салбарын үйл ажиллагааг явуулахад зориулсан өөрсдийн байртай болж түүнийг засч тохижуулах ажлыг хийж энэ өдөр нээлтээ хийлээ. Дотоод нөөц боломжоо ашиглах, төсөл бичиж засварын болон тохижилт, тоног төхөөрөмжийн асуудлаа шийдэж чаджээ. Аймгийн Эмэгтэйчүүдийн ордонд байрлах тус байр нь хэвлэл мэдээллийн ажилтнуудын хөгжих боломжийг нээж “Сэтгүүлч хөгжлийн төв” нэртэйгээр үйл ажиллагаа явуулах ажээ. МСНЭ-ийн Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөл нь Үндэсний сэтгүүл зүйн ойн өдөр, Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан тодорхой ажлуудыг тогтмол зохион байгуулж хэвшсэн. Энэ тэмдэглэлт өдрийг угтан “Өглөөний цай” үйл ажиллагааг сүүлийн 4 жилийн турш зохион байгуулж хамтдаа нэгэн өглөөг халуун дулаан яриагаар эхлүүлэн салбарынхаа алдаа, оноог ярилцдаг аж.

Түүнчлэн Дархан салбарын хамт олон ирэх 9,10-ны өдөр сургалт зөвлөгөөн зохион байгуулахаар төлөвлөжээ. Үүнд “Сэтгүүл зүйн өнөөгийн чиг хандлага” сэдвээр ахмад сэтгүүлч Б.Норовсамбуу, “Фото аппаратаар хэрхэн зураг авах вэ? Хэрхэн зөв ашиглах вэ?” сэдвээр “Нарыг хайрла” хойд бүсийн гэрэл зурагчдын холбооны тэргүүн Г.Анхбаяр, “Хуулийн зөвлөгөө” сэдвээр сэтгүүлч, МСНЭ-ийн Дархан салбарын хуулийн зөвлөх Г.Мөнхгэрэл, “Уран зургаар төлөөлөн орчлонг тольдохуй” сэдвээр сэтгүүлч, СГЗ Ө.Рагчаасүрэн нар сургалт зохион байгуулах юм. Тус хамт олон улирал бүр тодорхой ажлыг хийхээр төлөвлөсөний эхний ажил нь гишүүддээ чиглэсэн ажил бол 2,3,4 дүгээр улиралд нийгэмд чиглэсэн сайн үйлсийн аяныг өрнүүлэхээр болжээ.

Холбоотой мэдээ