Футзалын шилдэг тамирчид үндэсний шилдгүүдээ тодрууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-03-04 22:18:37

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан хотын Биеийн тамир спортын газарт 21 аймгийн аварга шалгаруулах 16 хүртэлх насны футзалын “Үндэсний цом”-ын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. 

Монголын хөлбөмбөгийн холбоо, Дархан-Уул аймгийн ЗДТГ болон БТСГ-аас хамтран явуулж байгаа энэ удаагийн тэмцээнд 14 аймгийн 200 гаруй өсвөрийн тамирчин оролцож, хурд хүчээ сорин өрсөлдөв.

Ес хоногийн турш Дархан хотноо өрсөлдөөн ширүүн өрнөсөн тус тэмцээний тэргүүн байр, цомын эзнээр Б.Лхагва дасгалжуулагчтай Увс аймгийн шигшээ багийн баг тамирчид тодорчээ.

Харин мөнгөн медалийн эзнээр Э.Эрхэмбаатар дасгалжуулагчтай Говьсүмбэр аймгийн баг тамирчид, хүрэл медалийн эзнээр С.Жаргалсайхан дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн шигшээ багийн өсвөрийн шилдэг тамирчид эзлэн өнөөдөр шагналаа гардан авлаа.

Мөн Үндэсний цом тэмцээний шилдэг тоглогчоор Увс аймгийн шигшээ багийн тоглогч О.Амарсанаа, шилдэг довтлогчоор Дархан-Уул аймгийн шигшээ багийн багийн тамирчин Б.Сод-Мөнх, харин шилдэг хаалгачаар Увс аймгийн тамирчин Х.Болдбаатар нар шалгарсан байна.

Анхны тэмцээнд энэ жил хүрэл медалийн эзэд болсон Дархан-Уул аймгийн баг тамирчид аваргын цомыг хүртэж байсан түүхтэй.

Хөлбөмбөгийн спортыг хөгжүүлсэнээр хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, сонирхолтой спортоороо дагнан хичээллэхэд тус дөхөм болохуйц олон ажил хийсэн. Тухайлбал 2018 онд  Монголын хөлбөмбөгийн холбооны санхүүжилтээр Дархан-Уул аймагт мини хөлбөмбөгийн стандарт талбай хоёрыг ашиглалтад оруулсан.

Дархан хотноо зохион байгуулсан энэ удаагийн 21 аймгийн тэмцээнд оролцогч хүүхэд, залуучуудын ур чадвар дээшилсэн, ширүүхэн өрсөлдөөн дунд болж өндөрлөсөн талаар зохион байгуулагчид болон шүүгчид онцлон хэлж байсан юм.

Ийнхүү Монгол улсын нийт 14 аймгаас хүрэлцэн ирсэн шилдэг 200 гаруй өсвөрийн тамирчид 3 хэсэгт хуваагдан өрсөлдөж шилдгүүдээ тодрууллаа.

Дашрамд 2018 оноос Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор багийн спортыг дэмжих, орон нутагт биеийн тамир спортыг бүх нийтийн хүртээл болгох, өсвөр үе, залуучуудыг футзалын хөлбөмбөгийн спортоор, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хичээллүүлж, ирээдүйн тив, дэлхийд нэр, алдраа мандуулсан Монголын баг тамирчдыг бэлтгэн гаргах зорилгоор тус тэмцээнийг зохион байгуулж эхэлжээ.

 

Холбоотой мэдээ