Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд 804 сая төгрөгийг буцаан олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-03-04 12:31:52

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар анх удаа орон сууц худалдан авсан, барьсан, өөрийн төрсөн болон үрчилсэн хүүхдээ их, дээд сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, коллежид суралцуулсан иргэдэд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэхээр заасан байдаг. Энэ хуулийн хүрээнд тухайн жилд Баян-Өлгий аймгийн 1870 татвар төлөгчид урьдчилсан байдлаар 804 сая төгрөгийг буцаан олгоно.

Аймгийн Татварын хэлтсийн Татварын орлогын тасгийн дарга А.Айбекийн тайлбарласнаар өнгөрсөн нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 15-ны хооронд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх хүсэлтэй хүмүүсийн өргөдөл, бичиг баримтыг хүлээн авч, холбогдох тооцоо судалгааг гарган бэлэн болгосон байна. Одоо уг судалгааг аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн хэлтэст шилжүүлэх бөгөөд буцаан олголтын мөнгө гурав, дөрөвдүгээр сараас иргэдийн дансанд орж эхэлнэ гэдгийг тэрээр хэллээ.   

Харин 2018 онд тус аймгийн 2092 татвар төлөгч татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд 958,9 сая төгрөгийг буцаан авч байжээ. 

Холбоотой мэдээ