‘’УБТЗ-ын аварга шалгаруулах Шайбтай хоккей’’-н тэмцээний аваргууд тодорчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2019-02-26 21:21:14

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Улаанбаатар төмөр замын нийт ажилтан, алба хаагчдын дунд  шайбтай хоккейн тэмцээн болов.

Тус тэмцээн нь ажилчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөний дутагдал, хорт зуршлаас ангид байлгах, өвлийн спортын төрлүүдийг хамт олны дунд сурталчлан таниулах, хөгжүүлэх зорилготой аж.

6 багийн 60 гаруй тамирчин оролцсон тус тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Спортын ордны мөсөн гулгуурын талбайд боллоо.
Жил бүр зохион байгуулагддаг тус тэмцээний энэ жилийн аваргаар
Дархан татах хэсгийн “Локомотив” баг тодорч алтан цом, медалийн эзэд болсон аж. Удаах байранд Улаанбаатар зангилааны шигшээ баг эзэлсэн бол хүрэл медалийг Зүүнхараа ВЧД-1-ийн баг тамирчид эзэлжээ.

Жил бүр зохион байгуулагддаг тус тэмцээн багийн дүнгээр аваргууддаа тодруулахаас гадна шилдэг тамирчдыг тодруулдаг уламжлалтай аж.

Энэ жилийн шилдэг хаалгачаар Дархан депогийн туслах машинч Д.Шинэбилэг, шилдэг довтлогчоор Дархан депогийн туслах машинч Г.Мөнхтулга, Шилдэг хамгаалагчаар Зүүнхараа вагон депогийн мастер Б.Батзориг нар тодорчээ.

Дашрамд тус тэмцээний 2016, 2017, 2018 оны аваргаар Улаанбаатар төмөр замын удирдах газрын Д.Буян-Өлзий ахлагчтай баг тамирчид түрүүлж байсан юм. 

Холбоотой мэдээ