Канадын мэргэжлийн хоккейн дасгалжуулагчид монгол хүүхдүүдэд сургалт заав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-02-16 18:18:39
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Канадын хоккейн спортын мэргэжлийн дасгалжуулагчид Баянзүрх дүүрэгт байрлах “Бласт” ХХК-ийн мөсөн талбайд тус спортоор хичээллэдэг 60 гаруй монгол хүүхдэд хоккейн сургалт өчигдөр заав.



Канад Улсын Элчин сайдын яамнаас санаачлан зохион байгуулж буй "Монголын залуу хоккейчдыг дэмжих" төслийн хүрээнд Канадын “Лесли глобал спортс” клубын дасгалжуулагч Нэйт Лесли тэргүүтэй дөрвөн мэргэжилтэн “Монгол дахь хокейн өдрүүд”-ийг энэ сарын 16-19-нд зохион байгуулж Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Бугант хотын хоккей сонирхогч хүүхэд залууст үнэ төлбөргүй сургалт заахаар төлөвлөжээ. 

Эдгээр дасгалжуулагчид Ванкувер хотод хандивын аян өрнүүлж, 500 тэшүүр, 200 хоккейн цохиур цуглуулан Монголын хоккейн холбооны хүүхэд залууст бэлэглэсэн байна.





УИХ-ын гишүүн, Монголын Хоккейн холбооны ерөнхийлөгч Б.Жавхлан, “Канад Улс бол хоккейн спортын өлгий нутаг. Энэ улсаас багш нар ирж хичээл заана гэдэг Монгол хүүхдүүдэд маш том боломж. Монгол Улсад тус спортоор 400 гаруй тамирчин хичээллэж байна. Манай улсын тамирчид 1990-ээд оноос олон улсын чанартай тэмцээнүүдэд оролцож эхэлсэн. Ялангуяа Азийн зэрэглэл тогтоох тэмцээнүүдэд идэвхтэй оролцож хоёрдугаар зэрэглэлд багтсан юм.

Хоккейн спортын гурван зэрэглэл байх бөгөөд өнгөрсөн онд Азийн зэрэглэл тогтоох наадмаас манай тамирчид дөрвөн хүрэл, 1 мөнгө, 1 алтан медаль авч нэгдүгээр зэрэглэл буюу дээд шатанд орох эрхтэй болсон.

Гэвч Дэлхийн хоккейн холбооноос дээд шатанд ороход өөрийн улсдаа хоккейн битүү дээвэртэй ордонтой байх шаардлага тавьж байна. Манай улсад хоккейн битүү дээвэртэй ордон байхгүй ч түүнийг бүтээн байгуулах хэд хэдэн төсөл хэрэгжиж эхэлсэн. Тухайлбал, улсын төсвийн хөрөнгөөр хоккейн бэлтгэлийн ордон барих төсөл өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд Хотын захирагч тус ордонг барих долоон мянган метр хавтгай дөрвөлжин талбай бүхий газрыг шийдэж өгсөн” гэлээ.



“Лесли глобал спортс” клубын дасгалжуулагч Нэйт Лесли, "Дасгалжуулагчид маань энэ сарын 14-нд Улаанбаатар хотод ирсэн. Бидний ирсэн гол зорилго нь монгол хүүхэд, залуу үеийнхэнд хоккейн спортыг таниулж, дасгалжуулагчдынх нь ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулна. Дасгалжуулагчид маань Канад Улсад мэргэжлийн тоглогчид байсан бол одоо мэргэжлийн дасгалжуулагчид болсон өндөр чадвартай багш нар байгаа. "Монголын залуу хоккейчдыг дэмжих төсөл"-ийн хүрээнд энэ сарын 16-ны өдөр Улаанбаатар хотын зургадугаар сургуулийн мөсөн талбайд монгол тамирчидтай нөхөрсөг тоглолт хийхээр төлөвлөж байна" гэлээ. 



Сургалтанд оролцож буй хүүхэд залуусын цөөнгүй нь эмэгтэй байв. Хоккейн спортыг эмэгтэй хүүхдүүд сонирхон хичээллэх нь жил бүр нэмэгдэж байгааг Монголын хоккейн холбооны төлөөлөл онцолж байв. Түүнчлэн тус холбоо энэ жилээс эхлэн Азийн зэрэглэл тогтоох тэмцээнд 20 гаруй эмэгтэй тамирчин оролцуулахаар, шигшээ баг бүрдүүлжээ. 



"Ананд эрдэнэ" клубын тамирчин Х.Болортунгалаг, "Би мөсөн дээр гулгах маш их дуртай. Өмнө нь хоккейн спортыг эмэгтэй хүн хичээллэх спорт биш гэж боддог, төдийлөн сонирхдоггүй байлаа. Нэгэн удаа эмэгтэй тамирчдын хоккей тоглож байхыг харахад гайхалтай санагдаж байсан. Улмаар хоккей спортыг сонирхож эхэлсэн төдийгүй "Ананд эрдэнэ" клубд элсэж, одоо энэ спортоор гурван сар хичээллэж байна. Цаашдаа олон улсын тэмцээнд оролцох хүсэлтэй байдаг. Хүнд хувцас өмсөөд, хүнд цохиур бариад гулгах нь эмэгтэй хүнд маш хатуужил шаарддаг юм" гэв.  


Монгол Улсад хоккейн спорт социализмын үеэс 50 гаруй жил хөгжсөн ч хувцас хэрэгсэл, талбай, дасгалжуулагч мэргэжилтэн дутмагаас дэлхийн тавцанд өрсөлдөх хэмжээнд хүрээгүй байна. Харин энэ бэрхшээлийг үл хайхран Монголын олон залуус хоккейн спортыг шимтэн сонирхож хичээллэдэг байна.

Гэрэл зургийг: Н.Батбаяр

Холбоотой мэдээ