Хэнтийн нийт хүн амын 60 хувь нь алдартнуудыг тодруулах санал асуулгад оролцжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-02-07 22:01:46

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтийн мэдээ агентлагаас санаачлан дөрөв дэх жилдээ зохион байгуулсан “Оны есөн алдартан”-ыг тодруулах  санал асуулгад энэ жил давхардсан тоогоор 42406 иргэн буюу тус аймгийн нийт хүн амын 60 хувь нь оролцжээ.

Тодруулбал, Хэнтийн мэдээ сонины 1048 уншигч сонины хайчилбарын санал, давхардсан тоогоор 27290 иргэн мессеж санал, 14068 фэйсбүүк хэрэглэгч дэмжиж буй нэр дэвшигчдээ саналаа ирүүлсэн байна.

Санал хураалтын төрөл бүртээ хамгийн өндөр оноо авсан нэг номинаци “Оны онцлох алдартан”-аар тодордог уламжлалтай. Энэ дагуу Хөдөлмөрийн яамны харъяа МСҮТ-ийн хамт олон энэхүү шагналын эзэд болжээ. Харин

“Оны алдартан сум, тосгон”-оор Д.Баянмөнх засаг даргатай Баян-Овоо сум

“Оны алдартан байгууллага, ААН”-аар Б.Жавхланбаяр захиралтай эрдэм баян Хэрлэн 4-р сургууль

“Оны алдартан амжилтын эзэн”-ээр Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тасгийн эрхлэгч, зөвлөх эмч Рэгзэнгийн Эрдэнэбилэг

“Оны алдартан баялаг бүтээгч”-ээр Цэнхэрмандал сумын эсгий урлаач Энхжаргалын Энхтүвшин

“Оны алдартан сайн үйлстэн”-ээр Өмнөдэлгэр сумын ЕБС –ийн 3-р ангийн сурагч Бямбабатын Ганбямба

“Оны алдартан инженер техникийн ажилтан”-аар Ус цаг уур орчны шинжилгээний албаны ахлах инженер Лувсангийн Ганчимэг

“Оны алдартан ХАА, байгаль орчны ажилтан”-аар Хэнтий аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын мэргэжилтэн Батбаярын Ганбаатар

“Оны алдартан үйлчилгээний ажилтан”-аар Өндөрхаан хот тохижилтын газрын ачигч Сүхбаатарын Батчулуун нар хамгийн өндөр санал авч Нохой жилийн алдартнаар тодорчээ.

Оны онцлох үйл явдлыг нэрлэх, алдартныг тодруулах, ард иргэдийн санал бодлыг тандах, илэрхийлэх, тэдний анхаарлыг тодорхой сэдэв, үйл явдал руу хандуулах зэрэг онцлог үүргийг нийгмийн өмнө зөвхөн хэвлэл мэдээллийнхэн хүлээдэг билээ. Энэ л үүргээ биелүүлж Хэнтийн мэдээ агентлагийн хамт олон “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн “Оны есөн алдартан”-ыг ийнхүү тодруулан өргөмжилжээ.

Оны алдартны номинацид нэр дэвших нь Хэнтий аймгийн иргэн, 18 сум, таван тосгон, Төрийн болон ТББ, ААН-үүдэд нээлттэй байснаараа энэ жилийнх тун онцлог байв. Тэр ч утгаараа шалгаруулалтад 8 номинацид нийт 57 нэр дэвшигч өрсөлдсөн бөгөөд санал хураалт нэгдүгээр сарын 23-30-ныг хүртэл үргэлжилж, сонингийн хайчилбар, цахим санал асуулга, мессеж санал асуулга, олны танил, нэр хүндтэй 30 эрхмийн саналыг тус тус авч нэгтгэн дүгнэсэн аж.  

Оны есөн алдартнаар шалгарсан нэр бүхий алдартнууд Хэнтийн мэдээ агентлагийн таван сая төгрөгийн үнэ бүхий үйлчилгээний эрхийн эзэд болжээ.

 

Холбоотой мэдээ