Газрын тосны экспортоос 223 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
192@montsame.mn
2019-02-07 15:08:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Уул уурхайн салбар 2018 онд улсын төсөвт хоёр их наяд 51.5 тэрбум төгрөгийг татвар хэлбэрээр төвлөрүүлжээ. Тухайлбал, алтнаас 80 тэрбум, нүүрснээс 910.6 тэрбум, цайраас 76.9 тэрбум, зэсээс 871.9 тэрбум, төмрөөс 17.1 тэрбум, жоншноос 16.3 тэрбум  төгрөг төвлөрүүлсэн байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 28.6 хувиар өссөн үзүүлэлт юм.

УУХЯ-наас мэдээлснээр өнгөрсөн онд манай улс БНХАУ-д 6.1 сая баррель түүхий газрын тос экспортолж 223.4 тэрбум төгрөгийг улсад төвлөрүүлжээ. Нийт 6.4 сая баррель газрын тос олборлосны дийлэнхийг буюу дээрх хэмжээнийхийг БНХАУ-д экспортолсон байна. Он гарснаас хойш улсын хэмжээнд 434.6 мянган баррель газрын тос олборлож, 388.7 мянган баррелийг нь экспортлоод байна.

Салбар яамны мэдээллээр ирэх жилүүдэд газрын тосны экспортыг өсгөж, энэ салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, газрын тосны салбарт сүүлийн үеийн техник технологийг нэвтрүүлэх талаар анхаарч ажиллах аж.

Салбарын хэмжээнд ашиглалтын тусгай зөвшөөрлийг шинээр есөн газарт өгч, 110 тусгай зөвшөөрлийг сунгаж, 65-ыг цуцалжээ. 

Холбоотой мэдээ