“Багш сурагчийн гэрт-3” аян өрнүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2019-01-30 22:20:49

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн БСУГ-аас хүүхдийн хөгжил, хүмүүжил, төлөвшлийн асуудлаар эцэг эх, асран хамгаалагчдад зөвлөн туслах ажлыг тогтмолжуулж, хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах зорилгоор “Багш сурагчийн гэрт-3” аяныг 3 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.

Тус аяны хүрээнд аймгийн ЕБС-ийн 736 багш 5892 сурагчийн гэрээр, СӨБ-ын 272 багш 3572 хүүхдийн гэрээр очиж хүүхэд, эцэг эхтэй нь уулзжээ. “Багш сурагчийн гэрт-3” аяны хүрээнд айлуудаар явахдаа эцэг эхэд дараах зөвлөмж зөвлөгөөг өгсөн байна. Тухайлбал, хүүхэдтэйгээ хэрхэн хамтран ажиллах талаар зөвлөх, эцэг эхийн санал, хүсэлт сонсох, цахим орчны сөрөг нөлөөллийн талаар тайлбарлах зэрэг ажлыг хийж байгаа аж.

Увс аймгийн ЕБС-иуд 2018 оны 12 дугаар сарын 24-өөс эхлэн амарсан бөгөөд энэ сар гарсаар ханиад томууны дэгдэлт нэмэгдсэн тул ирэх сарын 11 хүртэл амралт үргэлжлэхээр болсон юм. Үүнээс гадна цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг ч гэсэн энэ сарын 14-өөс 2 дугаар сарын 11 хүртэл түр хугацаагаар хязгаарлаад байна. Иймээс “Багш сурагчийн гэрт-3” аяныг хэрэгжүүлж байгаа аж.

Холбоотой мэдээ