Бельгид жагсаал болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2019-01-28 12:55:24

БРЮССЕЛЬ. /VOA/. Өнгөрсөн ням гарагт Бельгийн нийслэл Брюссель хотод уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг жагсаал өрнөж, 70 мянга орчим хүн оролцсон байна.


Урьд өмнө болж байсан жагсаалуудаас хамгийн өргөн хүрээг хамарсан энэхүү жагсаалыг зохион байгуулагчид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд оруулж буй хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийг Бельгийн Засгийн газар болон Европын Холбоонд уриалж байв.


“Байгаль дэлхийд тохиож байгаагүй хамгийн том сорилттой хүн төрөлхтөн нүүр тулгарч байна. Улс төрчид энэ талаар шийдвэр гаргах нь амин чухал болоод байна. Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэл урт удаан хийгээд хүнд хэцүү байх болно. Гэсэн хэдий ч цаашид энэ хэвээр үргэлжилсээр байхыг бид зөвшөөрөхгүй” гэж жагсаалыг зохион байгуулагчид мэдэгдсэн байна.


Энэхүү жагсаалд оролцохын тулд 30 мянга гаруй хүн галт тэргээр ирсэн бол өөр бусад олон хүн дугуй унаж, явган иржээ. Мөн жагсагчид “Байгаль дэлхийгээ хамгаалъя”, “Яг одооноос эхэлье”, “Бидэнд хий дэмий өнгөрүүлэх цаг байхгүй” гэх мэт үгсийг бичсэн уриа лоозонгууд барьсан байжээ. 

Холбоотой мэдээ