Сумдын сургуулийн өсвөрийн сэтгүүлчдийг чадавхжууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2019-01-22 23:19:07

Хэнтий /МОНЦАМЭ/ Дэлхийн Зөн ОУБ-ын "Бор-Өндөр-2" орон нутгийн хөтөлбөрийн хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөрийн салбар үйл ажиллагааны нэгээхэн хэсэг болсон ЕБС-иудын дэргэдэх өсвөрийн сэтгүүлч клубын сурагчдыг чадавхжуулах сургалт болов.

Сурагчдын ирээдүйн мэргэжил сонголтод нөлөөлж тэдний ярих, илтгэх ур чадвар, багаар хамтран ажиллах, бүтээлч ур чадварыг хөгжүүлэх зорилго бүхий тус сургалтад Дэлхийн Зөн "Бор-Өндөр2" орон нутгийн хөтөлбөрийн зорилтот сум болох Өмнөдэлгэр, Баян-Адарга, Биндэр, Хурх тосгон, Хэрлэнгийн сурагчид хамрагдсан юм.

Сэтгүүлч клубын сурагчдад зориулсан гурван өдрийн сургалтад МСНЭ-ийн Хэнтий аймаг дахь салбар, орон нутгийн Хэнтий телевиз, Өндөрхаан телевиз, Хэнтийн мэдээ агентлаг, ГБХЗХГазар, Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс болон Улаанбаатар хотын МNC телевизийн редактор Б.Батцэцэг, BEST 98,5 fm-ийн хөтлөгч, редактор Н.Дэлгэрцэцэг нар урилгаар хүрэлцэн ирж сургагч багшаар хамтран ажиллалаа.

Сумдын сэтгүүлч клубууд байгуулагдаад гурван жил болж байна. Харин Өмнөдэлгэр сумын тухайд зургаан жил болжээ. Тэд сумандаа дуу бичлэгийн болон радио студитэй бөгөөд энэ жил сургуулийнхаа хэмжээнд сонин гаргахаар төлөвлөж байна. Бусад сумдын клуб ч мөн энэхүү сургалтын үеэр зорилгоо тодорхойлж, өөрсдийн ур чадвараа дээшлүүлэн сонин гаргаж ажиллахаа илэрхийлж байлаа.

Түүнчлэн клубын хүүхдүүд өөрсдийн санал санаачлагаар төсөл бичиж ирүүлсэн тохиолдолд "Бор-Өндөр2" орон нутгийн хөтөлбөрөөс дэмжлэг үзүүлж хамтарч ажилладаг юм байна.

Холбоотой мэдээ