“Умардын урсгал-2” буюу Украиныг онилсон Путиний цохилт

ТОЙМ
adiyakhuu@montsame.mn
2019-01-21 12:11:28

“Путиний хоолой” гэж нэрлэгддэг хий дамжуулах “Умардын урсгал-2” хоолойг 2019 оны сүүлч гэхэд барьж дуусгах төлөвтэй байна. Уг хоолойгоор Украиныг тойруулан Европт хий нийлүүлэх бөгөөд ингэснээр Украин улс жилдээ 3 тэрбум долларын алдагдал хүлээх төдийгүй цэрэг дайны хурцадмал байдал үүснэ. “Умардын урсгал-2” хоолойг барихыг зөвхөн Украин төдийгүй Польш, АНУ болон бусад улс эсэргүүцэж байна. Харин Герман улс өөрийн эдийн засгийн эрх ашгийн үүднээс Путиний төслийг дэмжиж байгаа юм. Уг хоолойг барих нь Украинд ямар аюул учруулах вэ, барилгын ажлыг зогсоох боломж бий юү гэдэг талаар Украины “Обозреватель” сэтгүүлд бичсэн нийтлэлийг орчуулан хүргэе.

Гол зүйлүүдийг дурдваас:

-“Умардын урсгал-2”-ыг 2019 оны эцэс гэхэд барьж дуусгах төлөвтэй байна.

-Үүний улмаас Украин улс жилдээ 3 тэрбум долларын алдагдал хүлээх эрсдэлтэй.

-Хий дамжуулах шинэ хоолой нь Европ дахь Оросын нөлөөг улам тэлж, Украины “хөл гарыг чөдөрлөнө”. 

-Төслийг Польш, АНУ болон бусад хэд хэдэн улс эсэргүүцэж байгаа бол Герман улс хоолой барихыг дэмжиж байна.

-Барилгын ажлыг зогсоох нь бараг боломжгүй болжээ

 

“Умардын урсгал-2” төсөл Украиныг “хөнөөж байна”


Украины хий дамжуулах систем нь Европ тивийн хамгийн том хоолойнуудын нэгд тооцогддог. Уг системийн нэвтрүүлэх хүчин чадал нь жилд 145 тэрбум шоо.м бөгөөд хэдэн тэрбум долларын орлого авчирдаг төдийгүй Оросын зүгээс хийж болзошгүй цэргийн довтолгооноос улс орныг хамгаалж байгаа юм.  

Түрэмгийлэгч улсаас Украинаар дамжуулан хийг Европт нийлүүлдэг. Хэрвээ хойд хөрш маань Украины хий дамжуулах системээс хамаардаггүй байсан бол гар хөл нь сул чөлөөтэй болж, Хар тэнгисийн районд цэргийн хүчээ бэхжүүлэх байсан гэж Дээд Радын дарга Андрей Парубий үзэж байна. Ийм агуулга бүхий захидлыг тэрбээр өнгөрсөн оны сүүлчээр АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пэнс, Конгрессын удирдагчдад илгээсэн байна.  


“Оросын “Газпром” компани нь “Умардын урсгал-2” ба “Туркийн урсгал” төслүүдийн хий дамжуулах шугам хоолойнууд болон тэдгээрээр дамжуулах хийн цорын ганц эзэмшигч нь юм. Стратегийн чухал ач холбогдолтой эдгээр объектуудаа хамгаалахын тулд Кремлийн ордныхон Балтийн болон Хар тэнгист цэргийн оролцоогоо нэмэгдүүлж магадгүй” гэж захидалд дурджээ.


“Путиний хоолой” нь Европт аюултай, Украинд хохиролтой, дахиад шинээр эрсдэлүүд үүсгэнэ гэдэгт Америкийн улстөрчдийг итгүүлэн үнэмшүүлэх шаардлагагүй юм. Тэд угаасаа л үүнтэй санал нэг байгаа. Шинэ хоолойг барихыг эсэргүүцэн тэмцэхэд америкчууд бол гол холбоотон юм. АНУ-ын хувьд Европын зах зээлийг онилж байгаа учраас ОХУ-ын нөлөө өргөжих нь америкчуудад ашиггүй. Ямартай ч уг асуудлаарх Украин, Америкийн ашиг сонирхол нийцэж байна.


АНУ-ын албаны хүмүүс хийн хоолойн талаар эрс хатуу мэдэгдлүүдийг байнга хийсээр ирсэн. Хэдхэн долоо хоногийн өмнө Германд суугаа АНУ-ын элчин сайд Ричард Гренелл Германы компаниудад анхааруулга бүхий захидал илгээж, “Умардын урсгал-2”-ыг барихад оролцох аваас хориг арга хэмжээ авч шийтгэнэ” гэж сүрдүүлжээ.


Хоолой барихыг сонирхож буй Герман улсад Америкийн элчин сайдын мэдэгдлийг хүчтэй шүүмжилж байна. Канцлер Меркелийн намын удирдагч Аннегрет Крамп-Карренбауэр-ын хэлснээр “бизнесийнхэн хоёрдмол утгагүйгээр шууд хариугаа өгчихсөн” гэв.   


Украины өөр нэгэн холбоотон бол Польш юм. Тус улс “Умардын урсгал-2”-ыг барихыг эсэргүүцэж байгаа бөгөөд хэдэн долоо хоногийн өмнө Польшийн Гадаад хэргийн сайд Яцек Чапутович Германы “Хандесблатт” сонинд ярилцлага өгөхдөө нэлээд дуулиантай мэдэгдэл хийсэн юм. Түүний ярьснаар, хийн хоолойг барьж ашиглалтанд оруулах нь Оросын эсрэг авсан хоригийн үр нөлөөг үгүй хийж, Украинд томоохон аюул учруулах ажээ.  

 

“Умард урсгал-2” төсөл хэрэгжих магадлал


Газар нутгийг нь тойруулан хийн хоолой барьсан тохиолдолд Украин улс ДНБ-нийхээ 2-3 хувийг алдана гэсэн тооцоог Сангийн яам хийжээ. Ирээдүйд нөхцөл байдал ийм болно гэдэгт бэлэн байх ёстой. Хоолойг барих зөвшөөрлийг өгөх ёстой улс орнууд аль хэдийнэ зөвшөөрлөө өгчихсөн. Төсөлд асар их мөнгөөр хөрөнгө оруулалт хийсэн учраас мөнгөө алдахыг хэн ч хүсэхгүй.


Германы албаны хүмүүс тайлбарлахдаа “төслийг зогсоох хууль эрхзүйн үндэслэл байхгүй” гэдгийг онцлон дурдаж байна. Герман улс юуны түрүүнд өөрийн эрх ашгийг тавих нь ойлгомжтой. Ашиглалтанд орсныхоо дараа “Умард урсгал-2” хоолой нь Европ дахь хамгийн том хий нийлүүлэх зангилаа газар болох бөгөөд асар их ашиг орлого авчрах болно” гэж олон улсын шинжээч Максим Яли үзэж байна.


Эдийн засагч Виталий Кузьмин түүнтэй санал нэг байна. Түүний дүгнэснээр, хоолой барихыг Итали, Австри, Франц, Герман улс сонирхож байгаа бөгөөд эдгээр улсын хувьд юуны түрүүнд эдийн засгийн боломж нээгдэж байгаа нь чухал юм.


Францын ENGIE, Австрийн OMV, Их Британи, Нидерландын Royal Dutch Shell, Германы Uniper, Wintershall гэсэн Европын хамгийн таван том компани төслийг санхүүжүүлж байна. Эдгээр компани ашиг олох л сонирхолтой байгаа, харин Украин улсын хувьд юу ч үгүй хоцорч мэднэ” гэж Ирээдүйг судлах Украины хүрээлэнгийн шинжээч Илья Куса таамаглаж байна.


Европын орнууд дээрх төслөөс татгалзаж болох хувилбар бас бий. Гэхдээ Орос улс "ер бусын алхмууд" хийж, өөрийнх нь эсрэг авсан хоригууд улам чангарах нөхцлийг үүсгэсэн тэр үед л төсөл хэрэгжихгүй байж болох юм. Харин одоохондоо бол “Умардын урсгал-2” төсөл хэрэгжих магадлал маш өндөр байгаа. Тэгэхээр Украины хий дамжуулах хоолойгоор нийлүүлдэг хийн зарим хэсгийг цаашид хэвээр үлдээснээр ядаж үйл ажиллагааг нь зогсоочихгүй болов уу хэмээн найдах л үлдлээ.


Орчуулсан Б.Адъяахүү

Эх сурвалжууд: https://www.obozrevatel.com/ukr/economics/novij-udar-putina-po-ukraini-v-ssha-byut-na-spoloh-a-v-nimechchini-chekayut-pributok.htm

https://inosmi.ru/politic/20190116/244394687.html

 

 

Холбоотой мэдээ